УИХ дахь МАН-ын бүлэг Д.Тогтохсүрэн гэх даргатай болоод дөрвөн жил болж байна. Түүний хувьд 2016 оноос хойш УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй бөгөөд өмнө нь Өвөрхангай аймгийн МАН-ын хороо, тус аймгийн Засаг даргаар олон жил ажиллажээ. Харин 2018 онд МАН-ынхан хагаралдаж Ж.Эрдэнэбат, М.Энхболд нарыг огцруулахтай зэрэгцэн Д.Хаянхярвааг бүлгийн даргаас авч “хаясан”. Ингээд У.Хүрэлсүх Д.Тогтохсүрэнг зөөлчилж бүлгийн даргаар томилсон байдаг. Улс төрд түүнийг тодордоггүй, чимээгүй дарга ч гэж хэлдэг. - ЭХНЭР Д.ОЮУНБИЛЭГ НЬ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР АЖИЛЛАДАГ- Өвөрхангайнхан түүнийг дэмжиж, хайрладаг учир 2024 оны сонгуульд ч дэмжих магадлалтай гэх. Харин Д.Тогтохсүрэн нь насаараа МАН-ыг дагаж, төрд ажилласан, мөн түүний эхнэр, хүргэн, дүү гээд садангууд нь төрийн бүхий л өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байгааг хэн ч хөнддөггүй байна. Тухайлбал,түүний эхнэр Д.Оюунбилэг нь Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажилладаг байна. Д.Оюунбилэг нь багш мэргэжилтэй бөгөөд Өвөрхангайд ажиллаж байгаад хотод ирээд бусдын албан тушаалыг булааж, төрийн албаны тухай хуулийг зөрчин даргын албан тушаалд томилогдсон гэх мэдээлэл байдаг. Энэ тухай хэл, ам нэг хэсэг тасраагүй. Үүнээс гадна Д.Тогтохсүрэнгийн хүргэн Б.Мөрөн гэх залуу Монголбанканд хэлтсийн даргаар ажилладаг. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАН-ын бүлгийн дарга болсныхоо дараа тэрбээр хүргэнээ Монголбанканд томилуулсан гэж буй. Мөн сүүлийн үед Байгаль орчин аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Э.Баттулгыг Д.Тогтохсүрэнгийн эхнэр Д.Оюунбилэгийн хамаатан, дүү нь гэх мэдээлэл гараад байна. Иймд Э.Баттулгыг тус албан тушаалд томилогдоход Д.Тогтохсүрэнгийн нөлөө байхыг үгүйсгэхгүй гэх болжээ. Энэ мэтээр "Чимээгүй дарга" Д.Тогтохсүрэнгийн гэр бүлийнхэн төрийн өмчит томоохон компани, яам, тамгын газар, дүүрэг зэрэгт албан тушаалыг хашдаг байна. Д.Тогтохсүрэнгийн хувьд төрийн албанд ажиллаж ирсэн л хүн. Ийм байж түүний ойр дотнын хүмүүс төрд томоохон албан тушаал хашдаг зэрэг нь нийгэмд шударга бус тогтолцоо, ялгаварлалыг илүү гүнзгийрүүлж МАН-ын Алтан ургийн модыг илүү том, сагсгар болгож буйн нэг жишээ. Ерөөс МАН-ын дарга нарын ихэнх нь хүүхдүүдээ, хүргэн, бэрүүдээ засгийн газрын яам, төрийн өмчит компани зэрэг төрийн томоохон байгууллагуудад газар, хэлтэс, албаны даргаар томилуулсан байдгийг тус намынхан андашгүй мэддэг билээ. Эх сурвалж :Isee.mn
"Чимээгүй дарга" Д.Тогтохсүрэнгийн хүргэн нь Монголбанканд хэлтсийн дарга, Эхнэр нь бүртгэлийн дарга, Дүү нь БОАЖЯ-ны ТНБД-аар томилогджээ |
|