Ё.Отгонбаярын хэргийг прокурор ХЭРЭГСЭХГҮЙ болгожээ

2022-05-03,   826

Хөгжлийн банкны зээлийн асуудал дэлгэгдэх үеэр УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяртай холбоотой мэдээлэл олон нийтэд ил болж, улмаар тэрбээр мэдээлэл бэлтгэсэн сайт болон сэтгүүлч нарыг сүрдүүлсэн болох нь илчлэгдсэн.
 
Үүнтэй холбоотойгоор сэтгүүлч У.Оргилмаа Эрүүгийн цагдаагийн газарт хандаад байсан юм. Харин ЭЦГ-аас шалгаж эхэлсэн тус хэргийг энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр прокуророос хэрэгсэхгүй болгож, хаасан байна. Прокурор хэргийг "Гэмт хэргийн шинжгүй" хэмээн үзэж хаажээ. 
 
Хэргийн талаар эргэн сануулахад МАН-ын зөвлөх асан Ё.Отгонбаярын эхнэр Ш.Батнасангийн хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Харин тэрбээр үүнийг мэдээлсэн сайт болон сэтгүүлч У.Оргилмааг заналхийлсэн байдаг. Энэ талаар сэтгүүлч У.Оргилмаа “zarig.mn сайтыг байнгын уншигчийн хувиар харж байгаад миний мэдэж байгаа зүйл дурдагдаагүй бол коммент хэсэгт нь мэдээлэл өгөх байдлаар бичдэг. Энэ үүднээс “Мон дулаан” гэдэг компани Ё.Отгонбаяр гэдэг хүнээс илүү Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийнх гэдэг мэдээллийг нэмж бичсэн.
 
Гэтэл Ё.Отгонбаяр гэр бүлийнхээ хүний талаар нэмж бичсэн. Ингээд маргааш нь Ё.Отгонбаяр “Заригтай чинь хамт ална, заавал ална” гэхчлэн бичсэн байсан.
 
Энэ бол төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын зөвлөхийн алба хашиж байгаа хүний хувьд байж боломгүй зүйл. Дээр нь Эрүүгийн хуулийн 13.5.1-д заасан “Бусдад хүч хэрэглэх, сүрдүүлсэн” гэдэг тодорхой заалттай эрүүгийн хэрэг учраас цагдаагийн байгууллагад шалгуулахаас хандсан. Ё.Отгонбаяр өнөөдөр надаас уучлал гуйсан. Гэхдээ энэ бол зөвхөн бид хоёрын хооронд болоод өнгөрөх асуудал биш болсон. Энэ асуудлыг ил болгож дуугарахгүй юм бол өнөөдөр ажлаа хийж яваа залуу сэтгүүлчдэд ямар дарамт ирэхийг мэдэхгүй байна. Намайг хувийн ДМ задалсныг ёс зүйгүй гэх шүүмжлэл байгаа. Гэхдээ энэ бол зүгээр нэг ДМ биш заналхийлэл гэж би үзэж байна” хэмээж байсан юм. 
 
 
Эх сурвалж : Isee.mn

 


Ё.Отгонбаярын хэргийг прокурор ХЭРЭГСЭХГҮЙ болгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ