​Баянгол дүүргийн удирдлагууд тендергүйгээр төсвийн 69.2 сая төгрөгөөр чихэр авчээ

2022-05-11,   307

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл нар  эдийн засгийн хүнд үед төсвийн мөнгөөр тоглосон олон баримтууд байдаг. Үүний нэг нь байгуулагдаад 10-хан хонож буй шинэ компаниас 69.2 сая төгрөгөөр чихэр худалдан авсан байна.
 
Өөрөөр хэлбэл БГД-ийн удирдлагууд цар тахлын үед ахмадуудын нэрийг барьж хүнсний багц олгох нэрийдлээр “Агууша фүүдс” ХХК-тай хууль зөрчин 69.2 сая төгрөгөөр чихэр худалдаж авах гэрээг байгуулсан гэсэн үг. Төсвийн мөнгийг хууль зөрчин зарцуулсан энэ үйлдэл аудитын шалгалтын явцад ил болоод байгаа юм.
 
 Баянгол дүүргийн ЗДТГ-ын гэрээ байгуулсан “Агууша фүүдс” ХХК 2021.09.14-ны өдөр УБЕГ-т хуулийн этгээдээр бүртгүүлж. Үүнээс хойш ердөө 10 хоногийн дараа буюу 2021.09.24 өдөр Баянгол дүүргээс 69.2 сая төгрөгийг ямар ч тендер зарлалгүй гаргуулж авсан.
 
 Цар тахлын үед ахмадуудад хүнсний багц болгон мах, гурил, будаа бус чихэр олгох гайхамшигтай санааг сэдэж олсон Баянгол дүүргийн удирдлагуудын төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан үйлдэл үүгээр зогсохгүй. 
 
 -Засгийн газрын 43 дугаар тогтоолыг Ө.Сумьяабаатар тэргүүтэй Баянгол дүүргийн удирдлагууд уландаа гишгэж төсвийн мөнгөн дээр туйлжээ-
 
Цар тахлаас шалтгаалж эдийн засгийн байдал хүндэрсэн тул төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, шаардлагагүй зардлуудаа хэмнэхийг төрийн бүх шатны байгууллагуудад Засгийн газраас даалгаж 43 дугаар тогтоолыг 2021 онд баталж байсан. Тус тогтоолд төсвийн мөнгөөр урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөрлөг, аялал зугаалга зэргийг зохион байгуулахыг хориглосон байдаг. Гэвч Баянгол дүүргийн удирдлагууд Засгийн газрын тогтоолыг үл тоомсорлож татвар төлөгчдийн мөнгийг цацах шиг болжээ.
 
Тухайлбал: 
 
Тавилга, эд хогшил худалдаж авахад - 48.5 сая төгрөг
Контент бүтээхэд - 36 сая төгрөг
Албан хаагчдад гарын авлага хэвлүүлэхэд - 24.7 сая төгрөг
Явган аялал зохион байгуулахад - 6.9 сая төгрөг
25-р хорооны албан хаагчдын сагсан бөмбөгийн тэмцээнд - 9.1 сая төгрөг
Санхүүгийн ажилтнуудын спортын арга хэмжээнд - 5 сая төгрөг
Санхүүчдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд - 7.3 сая төгрөг
Хороодын нийгмийн ажилтны сургалт, тараах материал хэвлэхэд - 9.2 сая төгрөг
Сургалт зохион байгуулахад - 7 сая төгрөгийг тус тус зарцуулж төсвийн хууль болон Засгийн газрын 43-р тогтоолыг удаа дараа зөрчжээ.
Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар шилэн дансандаа 860 сая төгрөгийн 33 санхүүгийн гүйлгээгээ ил тод мэдээлээгүй нууцалжээ.
 
 Ганцхан Баянгол дүүргийн ЗДТГ-ын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар 1.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байх жишээтэй. Эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Авлигалтай тэмцэнэ гэдэг бол намынхаа нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсан удаатай. Ерөнхий сайд үнэхээр үнэнээ хэлсэн. МАН-ын засаглалын эрин үед төсвийн хулгай төгсөрчхөөд байна шүү дээ. 
 
 

​Баянгол дүүргийн удирдлагууд тендергүйгээр төсвийн 69.2 сая төгрөгөөр чихэр авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ