Сүүлийн хэд хоног Хятадын Эрээн хотын гаалиар нэг ширхэг ч чингэлэг гаргахгүй байгаа тул худалдаа, наймаа эрхлэгчид бухимдалтай байна. Эрээний Гаалийн байгууллага ямар учраас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа талаар Монголын талд нэг ч тайлбар ирүүлээгүй байгаа аж.
Харин Эрээн хотод амьдарч буй иргэдийн амнаас ам дамжиж буй яриагаар бол тус хотын гаалийн ажилчид авлига авсан нь тогтоогдсон тул Гаалийн даргыг солих, авлига авсан хүмүүст хариуцлага тооцох зэрэг асуудлууд үүсэж, түр зогсоогоод байгаа гэх. Эрээн хотын боомтоор өдөрт 100 орчим чингэлэг тээвэр гардаг байсан. Гэтэл сүүлийн үед боомтоор чингэлэг гаргахдаа сугалаа явуулдаг болсон. Магадгүй, сугалаанд сонгогдохын тулд ачаа тээврийн жолооч нар гаалийн ажилтанд авлига өгдөг байсан нь тогтоогдсон байж болзошгүй. Иймд тус хотын хуулийн байгууллагаас шалгалт явуулж, гаалийн удирдлагаа солих хүртэл Эрээний хилийг нээхгүй байх бодлогыг дотооддоо барьж байгаа гэх.
Ковид-19 халдвар дэгдсэнээс хойш буюу 2021 оны аравдугаар сараас Замын-Үүд, Эрээний боомт хаагдсан. Нэлээд хэдэн сар хаалттай байсан боомт 2022 оны эхээр ажиллаж эхэлсэн ч ачаа бараагаа чингэлэг тээврээр солилцож байгаа билээ.
Чингэлэг тээврийн хөлс өмнөхөөс хэд дахин өндөр байгаа тул бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурсаар байгаа.
Иргэд нь барааны үнэд дарлуулж, худалдаачид нь чингэлэг тээврийн хөлсөнд дарлуулах болсон энэ мэт байдлаас үүдэн эдийн засаг улам доройтсоор. Хилийн нэвтрэх хурд нь яст мэлхийний явдлаас чудааширч, худалдаачид, худалдан авагчид нь зэрэг зэрэг дарлуулж байхад Гадаад харилцааны яам “гай холуур” гээд алгаа хавсран суугаа нь харамсалтай.
Угтаа бол ийм цаг үед дипломат харилцаа юу юунаас илүү чухал. Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Гадаад харилцааны яамны хамгийн чухал үүрэг билээ.
ЭХ СУРВАЛЖ: ZINDAA.MN
Эрээний хил “хаагдсан"-ыг мэдсэн үү, ГХЯ-ныхан! |
|