Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотой мөрдөн байцаалтын 6, хэрэг бүртгэлтийн 26 хэрэгт прокуророос хяналт тавин ажиллаж байгаа талаар Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир мэдээллээ.
Үүнээс улс төрд нөлөө бүхий этгээд 4, Хөгжлийн банкны болон төрийн байгууллагын эрх бүхий 33 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 24 албан тушаалтан зэрэг нийт нэр бүхий 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ. Харин Хөгжлийн банкны 8 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 6 албан тушаалтанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас Хөгжлийн банканд учруулсан нийт хохирлоос 201 тэрбум 287 сая орчим төгрөгийг нөхөн төлүүлээд байгаа аж. Мөн Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураан авах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, тэдгээрийн хувьцаа эзэмшигч, 63 иргэний нийт 682 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 765 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилж, 25 аж ахуйн нэгжийн хувьцаа арилжаалах эрхийг хязгаарлах арга хэмжээг авчээ.
Хөгжлийн банкны НАЙМ, ААН-ийн ЗУРГААН албан тушаалтанд цагдан хорих арга хэмжээ авчээ |
|