Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн “Богдын-Ам” гэдэг газар суудлын автомашин шатсаны улмаас хоёр иргэн нас баржээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн “Богдын-Ам” гэдэг газар /дүүргээс баруун хойд зүгт 20 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага ОБЕГ-т зургадугаар сарын нэгний өдрийн 18:21 цагт хүлээн ирсэн байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 16 км зам туулан 18:50 цагт очиход иргэн С-ийн “Приус-30” загварын суудлын автомашин, 3 орчим га талбайн өнжмөл өвс тус тус шатаж байжээ.
Уг гал түймэрт нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Ө /31 настай, эрэгтэй/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн А /27 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "TOYOTA PRIUS-30 тээврийн хэрэгсэлтэй шатаж нас барсан хэргийг шалгаж байна. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна" гэлээ.
“Приус-30” автомашинтайгаа шатаж нас барсан хоёр иргэний хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна |
|