Эзэнгүй гэгдэж төрд очсон Хөтөлийн цемент шохойн үйлдвэр эзгүйрч хаягдсан уу?

2022-06-07,   271

Найз чинь талх зарж байгаа бол худалдаж ав....Нийтээрээ яг ийм соёл, төлөвшилд суралцахаар хичээж байна. Харин төр булаана, дээрэмдэнэ, дарамтлана. Олон нийт аль жишгээр явж, аль хэм хэмжээг дагах вэ? Эргэлзээ төрүүлэх өнцөг. Энэ зуур иргэд яаж хохирч, бизнесүүд хэрхэн үйлээ үзэж, үсээ зулгааж байгааг тодоор харуулах өөр өнцөг байна. Хамгийн сүүлийнх нь. Монголын төр сүр дуулиантайгаар "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" компанийг өөрийн болгосон. Үйл явц маш амархан Засгийн газраас Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид авах шийдвэр гаргасан. Араас нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тус үйлдвэрт ажиллаж, "булаан авсан". Дулааны цахилгаан станц, шохойн үйлдвэрлэл, цементийн үйлдвэрлэл нь хэвийн явагдаж байсан үйлдвэр төрд очсон. Үйлдвэр төрийн мэдэлд очсоноор Монгол Улсын дотооддоо цементийн хэрэгцээг 100 хувь хангана хэмээн мэдэгдсэн. Өртөг ч хямд байна гэж амласан. Харин өнөөдөр цементийн үнэ 30 хувиар нэмэгдсэн байдалтай байна. Барилгын материалын “Хангай” зах болон Гурвалжингийн гүүрний ойролцоох борлуулах цэгт нэг уут буюу 50 кг цемент 17 000-18 000 төгрөгийн үнэтэй борлуулж байна. Энэ нь нэг тонн нь 340 000-360 000 төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс 30 орчим хувиар өссөн дүн юм. Мэдээж энэ бол цементийн нийлүүлэлт бага, эрэлт их байгаагаас үүдэлтэй дүр зураг. Өнөөдрийн цаг үе бол бүтээн байгуулалт эрчимжиж цемент, барилгын бусад материалын эрэлттэй, оргил үе нь. Гэтэл цемент ховордож, үнэ тэнгэрт гарчээ. Манай улс жилд 1.8 сая тонн цемент хэрэглэдэг бөгөөд үүнийг дотоодын дөрвөн үйлдвэр хангадаг гэж байгаа. Мэдээж үүнд "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" дээгүүр байр эзэлнэ. Гэтэл хуурай аргаар жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" үүргээ гүйцэтгэж чадахгүй хэмжээнд хүрчээ. Боловсон хүчин бодлого шийдвэр нь орвонгоороо өөрчлөгдсөн. Нэг үгээр эзэнгүй хэмээн төрд очсон Хөтөлийн цемент шохойн үйлдвэр эзгүйрч хаягджээ. Үүний уршгийг барилгын салбарын мянга мянган бизнесүүд үүрч, хувийн хэвшлүүдэд хүнд цохилт болж байна. Хувийн хэвшлээ тонон дээрэмдэж, үйл ажиллагааг нь саармагжуулсаар байгаа энэ цаг үед юун "Шинэ сэргэлтийн бодлого", юун эдийн засгийн тэлэлт ярих манатай. Их санасан газар есөн шөнө хоосон хонохыг үлгэр болж байна шүү, Ерөнхий сайд аа.


Эзэнгүй гэгдэж төрд очсон Хөтөлийн цемент шохойн үйлдвэр эзгүйрч хаягдсан уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ