Нийгмийн харилцааг зохицуулах, хамгаалах зорилготой заавал биелүүлж дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ бий. Хувь хүн, ААН, төр ч хуулийн дор ажиллаж амьдрах ёстой гэсэн үг. Гэвч сүүлийн үед төр бүхний эзэн, хувийн өмч ч төрийнх гэсэн бичигдээгүй “хууль” үйлчлэх болсон юм. Яг энэ үйл явцаас үүдэн “Кью Эс Си” ХХК Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгчээ.
Бүр тодруулбал, Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсан. Үүнээс үүдэн “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл үндсэндээ зогсонги байдалд ороод байгаа аж. Мөн “Кью Эс Си” ХХК нь Хөгжлийн банкинд үүсээд байгаа өр төлбөрөө барагдуулах асуудалд удаашралд ороод байгаа тухай хэвлэлүүд бичжээ. Иймээс "Кью Эс Си” ХХК нь Засгийн газрыг арбитрын шүүхэд дуудсан байна.
Ингэхдээ Засгийн газрын Концессын гэрээг цуцлах тухай 148 дугаар тогтоолоос гадна ТӨБЗГ-ын 2022 оны 04 дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагын эргэх хөрөнгийг компанид буцаан шилжүүлсэн тухай шийдвэрийг хүчингүй болгохыг нэхэмжлэлдээ дурджээ.
Ямар ч гэсэн хувийн өмчийг хуулийн үйлчлэл үгүй мэт хуу хамсан Засгийн газрын шийдвэрүүд арбитраар хэлэлцэгдэх нь ээ. Засгийн газрын зүгээс өмнө нь “Кью Эс Си” ХХК дотооддоо суутган тооцох зарчмаар асуудлаа шийдэх албан бус хүсэлтийг хэд хэдэн удаа тавьсан гэх мэдээлэл байгаа юм.
Ерөнхий сайдын зүгээс "“Би “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй хувийн өс хонзонгүй" хэмээн тодотгож байгаа ч зөвхөн Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий өмчүүд рүү илтэд довтлох болоод удаж байна. Засгийн газрын шийдвэрээр хувийн өмчүүдийн өмчлөл цуцалж, концессын гэрээг хүчингүй болгох буюу дээрэмдэх үйл явц үргэлжилж байна. Үүнийгээ “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүний эсрэг хийж байгаа тэмцэл хэмээн тодотгож байгаач ААН-үүд хөлд нь чирэгдэж хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж дампуурах эрсдэл рүү түлхэж байгаа нь зүй ёсны зүйл үү?
Хувийн өмчийг хуу хамсан Засгийн газар арбитрын шүүхэд дуудагдлаа |
|