Фүкүшима атомын цахилгаан станцын аймшигт осол болоод 11 жил өнгөрч байна. Тодруулбал, 2011 оны гуравдугаар сарын 11-нд 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноор цунами үүсч, цахилгаан станцад цөмийн цацраг идэвхт бодис ихээр ялгарсан. Энэ нь 1986 оны Чернобылийн ослоос хойших дэлхийн хамгийн том цөмийн гамшиг байв.
Цацраг идэвхт бодис ихээр ялгарсан тул атомын станцын ойролцоо амьдарч байсан 300 мянга гаруй иргэнийг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлсэн. Тэр цагаас хойш их хэмжээний цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн ажил хийгдсээр байсан. Өдгөө оршин суугчид буцаж ирэх боломжтой боллоо гэж үзжээ.
Японы засгийн газар Ням гаригт тосгоны зарим хэсгийн нүүлгэн шилжүүлэх тушаалыг цуцалсан байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, 2016 онд тосгоны зарим хэсгийн нүүлгэн шилжүүлэх тушаалыг цуцалсан байжээ. Энэ тушаалаас хойш ахмад настнууд л олноор буцаж ирсэн байна. Энэ удаад нээгдэж буй хэсэг нь 50 миллизиверт хүртэл цацрагийн түвшин өндөртэй, хүн амьдрахад бэрх бүс гэж тодорхойлогддог. Тэгвэл цацрагийн түвшинг оршин суугчид буцаж ирэхүйц хэмжээнд хангалттай буурсан гэж засгийн газар үзжээ.
Олон улсын аюулгүй байдлын хяналтын байгууллагууд цацрагийн тунг 20 миллизиветрээс бага байлгахыг зөвлөсөн. Энэ нь хоёр удаа бүтэн биеийн компьютер томографид орохтой ижил хэмжээ юм.
Одоогийн байдлаар Ноюки дүүргийн 30 өрх тутмын дөрөв нь л буцаж ирэх бодолтой байгаа аж. Гамшиг болохоос өмнө тэнд 1500 орчим хүн амтай байсан. Квансей Гакуин их сургуулиас 2020 онд судалгаа явуулахад нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн 65 хувь нь Фүкүшима руу буцаж ирэхийг хүсэхгүй байна гэжээ. Фүкүшима мужийн ердөө 2.4 хувь нь л өдгөө оршин суугчид хүлээж авах боломжгүй, хориотой байна. Гэхдээ шаардлагатай бол богино хугацаанд айлчлал хийх боломжтой гэж тус улсын Байгаль орчны яам мэдээллээ.
Дашрамд дурдахад, сүүлийн жилүүдэд улс орнууд Фүкүшимагаас бүтээгдэхүүн импортлоход тавьсан хоригоо аажмаар сулруулах болсон. Тухайлбал, Тайвань өнгөрсөн хоёрдугаар сард Фүкүшимад тавьсан хүнсний бүтээгдэхүүний хоригоо цуцалжээ. “Хүмүүс Фүкүшимаг мартсан юм шиг байна. Гэхдээ бид эргэн сэргэсээр байна. Манай будаа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо хэвийн байгаа. Энэ бүтээгдэхүүнүүд аюулгүй гэдгийг хүмүүс мэдээсэй” гэж оршин суугч Ивама хэлжээ.
Цөмийн ослоос 11 жилийн дараа Фүкүшимагийн иргэд эргэн ирнэ |
|