Японы ерөнхий сайд Фүмио Кишида энэ сард НАТО-ийн чуулга уулзалтад оролцох болсноо өчигдөр /2022.06.15/ мэдэгдэв. Тэрбээр барууны аюулгүй байдлын холбооны уулзалтад оролцож буй анхны Япон удирдагч болж байна.
НАТО-ийн чуулга уулзалт нь Испанийн нийслэл Мадрид хотноо зургадугаар сарын 29-нд эхэлж, хоёр өдөр үргэлжлэнэ. Уг чуулга уулзалтад Япон, Өмнөд Солонгос, Австрали гэсэн Ази-Номхон далайн орнуудыг оролцохыг урьжээ. Хятадын цэрэгжилт тэргүүтэй эвслийн өмнө тулгарч буй аюулгүй байдлын сорилтуудыг тодорхойлсон стратегийн шинэ үзэл баримтлалыг батлах нь энэ удаагийн уулзалтын зорилго юм.
Үүнээс гадна зургадугаар сарын 26-нд Германд зохион байгуулагдах “Их-7”-ийн гурван өдрийн чуулга уулзалтад ч мөн Кишида оролцоно гэдгээ мэдэгджээ. “Дэлхийн хаана ч байсан улс орны статус квог хүчээр өөрчлөх оролдого байж болохгүй” гэсэн байр суурийг Кишида баримталж байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл ч мөн НАТО-ийн чуулга уулзалтад оролцох болжээ. Юн тавдугаар сард албан тушаалаа авснаас хойш Японтой харилцаагаа сэргээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Дайны үеийн асуудлаар Өмнөд Солонгос, Япон хоёр олон жилийн турш санал зөрөлдөөнтэй явсан юм. НАТО-ийн чуулга уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид анх удаа биечлэн уулзах юм байна.
Биечлэн уулзах талаар Кишидагаас асуухад, “Юу ч шийдэгдээгүй байна. Эрүүл харилцааг сэргээхийн тулд Японы тууштай байр суурь дээр тулгуурлах нь чухал” гэжээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Японы ерөнхий сайд Фүмио Кишида НАТО-ийн чуулганд орж буй анхны Япон удирдагч боллоо |
|