ГССҮТ-ИЙН “ТҮЛЭГДЛИЙН ЭМНЭЛЭГ” АШИГЛАЛТАНД ОРЛОО

2022-07-08,   207

ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлэг өнөөдөр ийнхүү нээлтээ хийж ашиглалтад орлоо. Тус эмнэлэг нь 7 давхар, 6 тасагтай, 250 ортойгоор түлэгдэл ба гэмтлийн яаралтай болон хэвтэн эмчлүүлэх тусламж үзүүлэх юм. Цаашид зөвхөн Түлэгдлийн тусламж үзүүлээд зогсохгүй Гэмтэл Согогийн бүхий л тусламж үйлчилгээг үзүүлж, ГССҮТөвийнхөө ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, ард иргэдийн хүлээгдэл чирэгдлийг багасгахад гол үүрэг гүйцэтгэн ажиллах юм. Эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон бусад албаны хүмүүс оролцлоо. 
Монгол улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн дунджаар 702648 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдэж тэдгээрийн 31122 тохиолдол нь түлэгдэл эзэлж байгаа ба   74,5 хувь нь ГССҮТөвөөс тусламж үйлчилгээ авсан байна. Мөн нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа нь бидний анхаарч үзэх асуудлын нэг болоод байгаа юм. Харин ГССҮТөвийн  Яаралтай тусламжаар жилд дунджаар 110000 гаруй хүн үйлчлүүлснээс 20-25% нь түлэгдэл болон бусад халдвардагсан, могойд хатгуулсан нохойд хазуулсан шарх шархлаанууд эзэлж байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Анх Улсын Клиникийн 1-р эмнэлэгт Гэмтлийн тусламж үйлчилгээг тасгийн түвшинд гүйцэтгэж жил ирэх тусам хүн амын тоо, хөгжил цэцэглэлт нэмэгдэхийн хирээр осол гэмтлийн тоо ихэсч эмнэлэг болгон өргөжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарсан. 1972 оны 12-р сард “СнЗөвлөлийн 478 тоот тогтоол” гарч, Гэмтлийн эмнэлэг  байгуулахаар шийдвэрлэж байжээ. Энэ шийдвэрийн дагуу 1975 онд УКТЭмнэлгээс тасарч, хятад эмнэлгийн барилгад 150 ортой бие даасан Гэмтлийн эмнэлэг үүсгэн байгуулагдсан гэж үздэг. Үүнээс хойш 1991 он хүртэл Гэмтэл согогийн бүх тусламж үйлчилгээг тус барилгад явуулж байгаад 1991 онд Гэмтлийн эмнэлэг Шинэ байранд нүүж Түлэнхийн эмнэлэг үлдсэн байна. 1991- 2011он хүртэл түлэгдлийн төв  хуучин байрандаа Түлэгдэл болон Сэдрэлтэй гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Хуучин барилга нь цаашид үйл ажиллагаа явуулах шаардлага хангахгүй болсон учир 2008 онд Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч, 2011 онд Түлэгдлийн төвийн барилгыг акталснаар энэхүү шинэ эмнэлэг барих ажлын эхлэл тавигдсан юм. Хэдийгээр Түлэгдлийн төвийн барилгын ажил нь цаг хугацааны хувьд  нилээд удааширсан ч  өнөөдөр эхний блок ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо. Монгол Улсын Засгийн газар, Арабын Эдийн засгийн Хөгжлийн Кувейтийн сангийн хооронд 2017 онд байгуулсан 8,0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу тус  эмнэлгийг барьж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд алсын түргэн тусламжид зориулсан туулах чадвар өндөртэй Toyota Prado 150 маркын автомашиныг ГССҮТ-д гардуулан өглөө.       

ГССҮТ-ИЙН “ТҮЛЭГДЛИЙН ЭМНЭЛЭГ” АШИГЛАЛТАНД ОРЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ