Сүүлийн 300 жилд олдоогүй байсан ховор алмааз эрдэнийн чулууг Африк тивийн Ангол улсаас олборлосноо Австралийн оператор компани өчигдөр зарлажээ.
Анголын зүүн хойд бүсийн Луло уурхайгаас олдсон 170 каратын уг чулуунд “Лулогийн Сарнай” (The Lulo Rose) гэсэн нэр өгсөн байна.
Анголын эрдэс баялгийн сайд Диамантино Азеведо “Дээд амжилт тогтоох гайхамшигтай ягаан алмааз Лулогоос олдсон нь Ангол улс энэ салбарт дэлхийн хэмжээний том тоглогч болохыг батлан харууллаа” гэж мэдэгджээ.
Ягаан алмааз чулууг Анголын төрийн өмчит Содиам арилжааны компани олон улсын зах зээлд үнэ хаялцуулж худалдах юм байна.
Лулогийн Сарнайг зүсэж, өнгөлсний дараа жингийнх нь 50 хувь алдагдах юм.
59.6 каратын Ягаан Од нэртэй алмааз чулууг 2017 онд Хонконгийн дуудлага худалдаагаар зарахад $71.2 саяын үнэ хүрч байв.
Энэ нь алмааз эрдэнийн чулууны түүхэн дээд үнэлгээ болдог юм байна.
Сүүлийн 300 жилд олдоогүй алмааз эрдэнийн ховор чулууг Анголоос олборложээ |
|