“Шинэ сэргэлтийн бодлого” гэхээр их л боломжийн бодлогыг төр засаг баримтална гэж ард иргэд уг нь ойлгосон. Гэтэл үнэндээ “Шинэ дээрмийн хэлбэр” болчихсон. Энэ тухай амтай болгон ярьж, ард түмэн хийгээд бизнес эрхлэгчид бухимдаж байна.
Учир нь төр хувийн хэвшилтэйгээ огтоос өрсөлдөхгүй, тэр байтугай үйлдвэр, завод, цехийг нь булаахгүй, эвтэй найртайгаар хамтарч ажиллана гэж сэтгэл санааг нь тайвшруулж байгаад булааж, дээрэмдэж байгаа учраас бухимдаж буй юм.
Үүний хамгийн тод жишээ бол “Дарханы арьс ширний цогцолбор”. Малаа муулаад арьсаар нь үстэй дээл, дэгтий, дах хийж өмсдөг байсан монголчууд нэг л өдөр нэхийгээ үнэгүйдүүлж, хогийн цэг дээр шидэлдэг болсон.
Яг энэ мөчид “Дарханы арьс ширний цогцолбор” баригдаж тус цогцолборыг барихад дотоодын 10 гаруй компани оролцож өдгөө бараг л 70 хувь руу орчхоод байгааг эх сурвалжууд хэлдэг, тайлагнадаг.
Гэтэл “Төр хэлсэн амандаа хүрэлгүйгээр “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” нэртэй ТӨХК-ийг байгуулахаар болсон.
Товчхондоо бол Засгийн газрын 185 дугаар тогтоолоороо дээрэмдчихсэн гэсэн үг.
Энэ тогтоолоор дулдуйдаж 25 га газар худалдаж авч, тэр газрынхаа хог шороог цэвэрлэхэд 60 гаруй сая төгрөг зарцуулсан гэх зэргээр татвар төлөгчид бидний мөнгийг ёстой л гарынхаа салаагаар урсгаж байна.
Хамгийн энгийнээр бол “Дарханы арьс ширний цогцолбор” жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулах бол “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” нэртэй ТӨХК 4.4 сая ширхэг арьс шир боловсруулах бөгөөд энэ үйлдвэрээ гадныхнаар бариулах гэж 1 тэрбум орчим төгрөгөөр ТЭЗҮ хийлгэсэн байдаг.
Зөвхөн эндээс харахад төрийн нэрээр хувийн хэвшлээ дээрэмдээд зогсохгүй татвар төлөгчид бидний мөнгөөр тоглож гадныхныхныг тэжээж байгаа нь яавч эрүүл үзэгдэл биш.
Уг нь аль ч улс оронд, ямар ч нийгмийн үед төрийн залгамж халааг чухалчилдаг нь бичигдээгүй хууль. Үүнийг дэлхий даяараа дагадаг. Гэтэл Монголын төрийг зайдагнаж байгаа эрх баригч намынхан ичихийг үл мэдэн хувийн хэвшлээ ийнхүү дээрэмдэж, ард иргэдээ тохуурхан басамжилж эсэргүүцлээ илэрхийлж, зөв бас үнэнийг хэлсэн тэднийг шоронгоор далайлгадаг болов .Үүний тод жишээ нь тус үйлвэрийн захирал Д.Энхбаярыг хэрхсэнээс харж болох бөгөөд энэ мэт үйлдлээр ард иргэдийнхээ зүрхийг үхүүлж, нухчин дарахыг санаархаж байна.
Бас нэгэн томоохон жишээг Хөгжлийн банкны асуудал буюу бизнес эрхлэгчдийг долларын ханшийн зөрүүгээр өрөнд унагаж, дампууруулснаас ч харж болно. Мөн өөр нэгэн жишээг цементийн үйлдвэрүүдийн нийлэлтүүдээс давсан барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн... гэх зэргээр цааш хуруу даран тоочиж болно.
Өнөөдөр бодит үнэн, нөхцөл байдал ийм байхад Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ”ААН-үүддээ боломж олгохгүй байгаа нь төрийн алдаа ,завхрал...” гэх үгсийг унагасан. Харин энэ үг бизнес эрхлэгчдэд бага ч атугай найдвар төрүүлж байгаа бөгөөд хэрхэхийг харах л үлдлээ.
Эзнийг нь шоронд оруулдаг төрийн дээрэм хэрээс хэтэрлээ |
|