Үндэсний их баяр наадмаар Ховд аймгийн Буянт сумын уугуул О.Хангай 10 даван түрүүлж Монгол Улсын 25 дахь аварга цол хүртсэн. Тэр аварга цолны найраа өнгөрсөн сард ховдчуудтайгаа хамтдаа нижгэр тэмдэглэсэн бол энэ удаа нийслэлд хүндэтгэлийн цэнгүүн зохион байгуулсан.
О.Хангайн цайллагад түүний гэр бүлийнхэн, найз нөхөд бөхчүүд, спортын салбарынхан гээд олны танил эрхмүүд уригдсан байв.
Цайллагын үеэр О.Хангай МУГЖ, дуучин Ц.Чулуунбаттай хамтран "Зуун зуун жил ганцхан чамайгаа хайрламаар байна" дууг гэргийдээ зориулсан дуулж, тэвэр дүүрэн сарнай бэлэглэсэн. Түүний энэхүү нууц авьяас нь ирсэн зочдыг гайхршруулж, гэнэтийн бэлэг нь эхнэрийнх нь баярын нулимсыг дуслуулчихав.
Аварга О.Хангай "Миний найдвартай ар тал болж байгаа эхнэртээ маш их баярлалаа. Өнөөдөр дөрвөн сайхан охиныг минь төрүүлж өгсөн чамаар бахархахгүй байхын аргагүй. Зуун зуун жил чамтайгаа хамт аз жаргалтай амьдарна" гэж сэтгэлийн үгээ илэрхийлсэн байна.
Дашрамд дуулгахад О.Хангай эхнэр Н.Дэлгэртуяатайгаа дунд сургуулийн сурагч байхаасаа найзалж, үерхэж нөхөрлөж байгаад ханилжээ. Эхнэр Н.Дэлгэртуяа нь гар бөмбөг тоглодог спортын мастер цолтой ажээ.
О.Хангай: Зуун зуун жил ганцхан чамайгаа хайрламаар байна |
|