ИРГЭН: Амьдралд хөл тавьж байгаа хүүгийн минь урмыг хугалсан “Gold`s gym“-ийнхэнд баярлалаа

2022-10-07,   543

Иргэн "Миний хүү энэ жил 18 нас хүрч, амьдралдаа анх удаа ажил хийхээр шийдэж өөрөө хайж байгаад Gold`s gym-д ажилд оров. Ганц сар л ажиллаад хичээлдээ анхаарлаа хандуул гэсэн аав ээжийн зөвлөгөөний дагуу ажлаас гарсан юм.
 
Энэ ажил бол миний хүүгийн амьдралын гараа, анхны ажил, анхны цалин байлаа.
Цалингаа авна гэсэн бөөн хүлээлттэй байсан ч хойшлуулсаар байгаад 10.05-нд цалин нь буух болов.
Ээлжилж ажилладаг энэ ажилд хүү маань 12 удаа гарч ажиллажээ. Амласан цалин нь нэг гараа нь 34к байв. Хамт олон дунд орж ажиллаад үзэг, өөрөө ч ажил хийх хүсэл эрмэлзэл дүүрэн байсан болохоор өөрөө хөдөлмөрлөөд цалин авч үзэг гэж бодсон юм. Оройн ээлжийн ажил нь 23 цагт тардаг ч тооцоогоо нягталсаар шөнө дунд өнгөрөөж тарна. Өнөөдөр нэг ундааны тооцоо зөрөөд тэрнийхээ учрыг олох гэж байгаад удчихлаа гэсээр ирсэн удаа бий.
Өчигдөр харин цалин маань буусан гээд дуу муутай байхаар нь учрыг нь асуувал 140к цалин өгчээ. Шалтгаан нь тэр хэмжээний ус ундаа дутсан юм байх. Амласан цалинг нь бодоод үзвэл 400к орчим авах байсан юм болов уу даа. Ээлж солих бүрд тооцоогоо нягталдаг, ус ундаагаа бүртгэдэг газарт тийм дутагдал гарах уу. Ажилчид нь ус ундааг тэгж замбараагүй уух уу.
Амьдралд хөл тавьж байгаа хүүгийн минь урмыг хугалсан Gold`s gym-ийнхэнд баярлалаа гэж байгаагийн учир нь амьдрал ямар байдгийг, хүмүүс ямар муухай байдгийг, хүн бүрд итгэж болохгүйг, хүн чамайг яаж ашиглаж болохыг, дотроо бодолтой дороо суурьтай байх ёстойг ойлгуулсан амьдралын хичээл заасанд баярлалаа гэж байгаа юм.
Адилхан л бизнес хөөж амьдардгийн хувьд хэлэхэд хүн чанараа алдахгүй л явбал ажил үйлс өөдрөг явдаг юм даа л гэмээр байна. 18-тай хүүгийн амьдралын тодорхой цаг хугацаа, хүсэл мөрөөдлийг хэдхэн төгрөгөөр зальдаж аваад баяжихгүй л болов уу даа.
Хэрэв тэр мөнгөөр ар гэрээ тэжээдэг хүүхэд байсан бол яана. Тэр мөнгөөр ээждээ эм авч өгөх гэж байсан бол яана. Эсвэл бүр өнчин өрөөсөн олон дүү нартай хүү байсан бол яана. Бусдын урмыг хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ…
Gold’s gym баярлалаа" хэмээжээ.
 

ИРГЭН: Амьдралд хөл тавьж байгаа хүүгийн минь урмыг хугалсан “Gold`s gym“-ийнхэнд баярлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ