Аль ч улсын, ямар ч хотын иргэдийн анхаарлын төвд байдаг асуудал бол орон сууцны бодлого. Учир нь орон сууцны бодлогоор дамжуулан тухайн хотын хөгжлийг тодорхойлдог гэдэг. Энэ бодлогыг уялдаа холбоотойгоор, шат дараатайгаар хэрэгжүүлснээр хотын төвлөрөл саарч, түгжрэл, агаар, орчны бохирдол буурч, ядуурал багасдаг зэрэг олон сайн талтай. Тэгвэл орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхэд зөвхөн барилга бариад байх бус өөр олон ажил хэрэгтэй гэдгийг архитекторчид хэлдэг, хэрэгжүүлэхээр хичээдэг.
Тэдний нэг нь одоогийн Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж. Түүний хувьд хуучныг сайжруулж, хөгжүүлэх ёстой гэдэг шийдлийг амьдралд ашиглах боломжийг аль эртнээс санаачлан, хэрэгжүүлж иржээ. Жишээлбэл нийслэл хотыг орон сууцжуулах, түүнд шаардлагатай бүхий л тооцоо судалгааг гаргасан нэгэн.
Тодруулбал тэр “Нийслэлийн орон сууцны фонд бүрдүүлэх журам”-ыг боловсруулсан. Н.Нацагдорж 2007 онд санаачлан дээрх журмыг боловсруулж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 30 дугаар тогтоолоор батлуулсан. Энэхүү журмыг хэрэгжүүлснээр нийслэлд орон сууцны сан бий болж, сангаас зорилтот бүлгүүдэд орон сууц олгох, төрийн албан хаагчдын орон сууц худалдан авахад тусламж, тэтгэлэг олгох зэрэгт зарцуулах боломж бүрдсэн байдаг.
Мэдээж нийслэлд шинэ орон сууц баригдахын хэрээр өмнөх буюу 1970-1980 онд сүндэрлэсэн барилгуудын чанар ч эдэлгээний явцад муудаж, халаалт, дулааны алдагдал ихтэй болчихсон. Тухайлбал I, III, IV, X хороолол, Төмөр зам, Жуков гээд өвөлдөө гэртээ эсгий гуталтай, зузаан дээл, куртиктэйгээ амьдардаг айл олон байсан. Тэдгээрийг нэгэнт буулгаж, дахин шинэчлэх боломжгүй тул засаж сайжруулах нь хамгийн зөв шийдэл. Тиймээс 2010 онд “Угсармал орон сууцыг дулаалах техникийн шинэчлэл хийх” төслийг боловсруулсан байдаг. Үүнийг хэрэгжүүлснээр дулааны алдагдлыг 40 хувиар бууруулж, иргэд дулаан тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдсэн.
Ингээд ч зогсохгүй нийслэлийн дулаан хангамжид ч ихээхэн хэмнэлт хийх боломжтой болсон. Тиймээс ч энэ төслийг одоо Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хариуцан зохион байгуулан ажилласаар байгаа.
Дээрх ажлууд хийгдсэн 2006-2010 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар Н.Нацагдорж ажиллаж байжээ. Нийслэлийн орон сууцуудыг 1970-1980-аад онд хойд хөршийн “ах нар” барьж, байгуулж өгсөн бол өмнөх буюу 2-3 давхар хуучны барилгуудын ихэнх нь 1950-1960 онд ашиглалтад орсон байдаг. Тэдгээр сууцууд өдгөө газар нь л үнэ хүрч байгаагаас хүн амьдарч, ашиглахад бэрх болчихсон. Тэгэхээр иргэдийн аюулгүй байдлыг хангах, мэдээж хөрөнгийн хохирол учруулахгүй байх шаардлага үүссэн. Тиймээс Н.Нацагдорж архитектор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ыг анх боловсруулж байв.
Энэ хүрээнд өдгөө нийт 150 гаруй орон сууцны барилгыг буулган, шинэчлэн барилгажуулаад байна. Түүнчлэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах нь нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын нэг гарц ч гэж болох ажил.
Нийслэлд барилгажилт явагдаж, энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүд бий болсоны хэрээр төөрдөг байшин шиг болчихлоо гэх хүн олон болсон. Үүнтэй зэрэгцэн хуучны гэгдэх барилгаар барагцаалж зам заадаг, аль нэг хороолол, байгууллагын хажууд гэж нэрлэдэг байдал ч бий болсон. Хэн дуртай нь барилгынхаа хаяг, дугаарыг харсан газраа хадчихдаг.
Үүнийг цэгцлэх арга нь стандарт хийгээд түүнийг хэрэгжүүлэх. Тиймээс 2007 онд Барилгын хаяг дугаарлалтыг стандартад оруулж, Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэд хаягийн цех байгуулсан байна. Ингэснээр Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, яам, тусгай газар, гудамж талбай, барилга орон сууц, хашааны нэр, дугаарыг стандартын дагуу хэвлэн үйлдвэрлэж, хадаж байрлуулдаг болсон. Энэ ажлын үр дүнд шуудан харилцаа холбоо, яаралтай тусламжийн үйлчилгээ боло
н нийгэм, олон нийтийн бүхий л салбарт өргөн ашиглагдсан үр дүнтэй ажил болоод байгаа.
Нийслэлийн агаар, орчны бохирдлыг ярихаар хамгийн түрүүнд гэр хорооллын утааг хэрхэх талаар ам уралдан ярьдаг. Гэвч утааг бууруулах гэхээс илүү гэр хороололд амьдарч, ажилладаг иргэдээ хэрхэн ая тухтай орчин нөхцөл рүү шилжүүлэх вэ гэдэг гаргалгаа олох нь чухал сэдэв. Тэр ч утгаараа Н.Нацагдорж архитектор “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах” төслийг санаачилсан нь үр дүнгээ өгч, өнөөдөр олон айл орон сууцтай болсон.
Энэхүү санаачилгын хүрээнд 2011 оноос эхлэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 15 мянга гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байгаа юм.
Мэдээж дахин төлөвлөлттэй зэрэгцэн тухайн газарт амьдарч байсан айлуудыг хэрхэх вэ гэдэг нь мэргэжилтнүүдийн хувьд анхаарлын төвд байсан сэдэв. Тиймээс тэдэнд зориулж түр хугацаанд амьдрах “Түрээсийн сууц барих” ажлыг Н.Нацагдорж архитектор санаачилж байв. Олон нийтийн хамгийн сайн мэддэг 100 айл буюу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороололд 300 айлын орон сууцны барилгыг өдгөө хүн бүр мэддэг болсон. Яг энэ мэтчилэн нийслэлээс зохион байгуулж буй дахин төлөвлөлтийн бүсийн иргэд тухайн орон сууцанд хямд өртгөөр тодорхой хугацаанд амьдарснаар тэдний эдийн засагт ч нэмэр, тус болж, нийслэлд байх гэр хорооллын тоо буурахад чухал нөлөө үзүүлсээр байгаа юм.
Орон сууцны бодлогыг “орвонгоор” нь өөрчилсөн архитектор |
|