Оросын хил дээр Монгол эмэгтэй 2.5 мянган ширхэг эм оруулж ирэх гэж байгаад баригдсан тухай мэдээлэл бий. Тэрбээр бараан дундаа нуусан тэр эмнүүдээ “Монголд зарах гэж авч яваа” гэж мэдүүлсэн байдаг...
Энэ тухай өгүүлж буйн учир нь манай улсад эмийн хараа хяналт үнэндээ байхгүй, энэ асуудлыг зөнд нь хаяж, орхигдуулсаар ирсэнд буй юм. Хэрэв хууль дүрэм нь хатуу чанга, эм эмнэлгийн хэрэгсэл нь хүртээмжтэй , нэгдсэн зохион байгуулалтаар нэг дороос ханган нийлүүлдэг бол эмийн бизнес эрчтэй цэцэглэхгүй байх байлаа. Мөн хүн ард нь эмэнд хордож, айл өрхийн амьдрал, эдийн засаг сүйрэхгүй, ядуурал уу маршлахгүй байх байв.
Эмийн бизнес хүчтэй цэцэглэсээр бид 10-15 жилийг үдэж. Энэ хугацаанд “Эмийн сангууд шөнийн од лугаа адил олширч, нэг гудамжинд 2-3 байх бөгөөд эмнэлгүүдийг тойрч шамбааралдсан байх жишээтэй. Тэгвэл энэ олон эмийн сангуудыг эмч зүйч нар ажиллуулах нь дамжиггүй. Энэхүү эрэлтээ дагаад Анагаахын сургуулиуд ч бас сүйхээтэй ажиллаж, эмч зүйч нарыг 2-2.5 жилээр бүхэл бүтэн “арми”-ийг жил бүр бэлтгэн гаргаж байна.
Товчхондоо бол эдгээр асуудал нь өнөөгийн Монгол Улсыг ядуурал руу хөтөлж, эмийн гаж нөлөөнд автсан эрүүл бус ирээдүйг бий болгож байна.
Харамсалтай нь энэ асуудлаар дорвитой дуугарч ажил хэрэг болгосон нэгэн үгүй. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг харин овоо зэгсэн дуугарч харагдлаа.
Түүнд талархъя. Нэг ч гэсэн улстөрч энэ тухай олж харж. Тэрбээр “ Манай нийт хүн амын 42 хувь нь ядууралд өртөхөд бэлэн байна. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь эм тариа, өргөн хэрэглээний бараа...” гэсэн. Үнэн, юу үнэн тэр үнэн.
Дэлхийн стандартаас харахад өрхийн сарын орлогын 10-15 орчим хувь нь эмэнд зарцуулагддаг байхад манай улсад дор хаяж 40 хувь нь зарцуулагддаг гэдгийг ч тэрбээр хэлсэн. Тэгвэл тэр одоо “эмийн бизнес” гэх энэ сүйрэлд хазаар тавих нь гэх найдлагыг олон түмэнд төрүүллээ. Учигны үзүүрээс чимхээд авлаа, одоо харин лавшруулах хэрэгтэй шүү, гишүүн ээ.