Г.Занданшатар даргынхаа хуудсаар "БНМАУ" хэмээн бичсэн хэвлэлийн төлөөлөгч ажлаа өгөхөөр болжээ

2022-10-19,   314

УИХ-ын дарга Г.Занданшатар аравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэгвэл айлчлалтай холбоотой мэдээллээ цахим хуудастаа байршуулахдаа БНМАУ хэмээх үгийг ашигласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан юм.
 
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр мэдэгдэл хийжээ.
 
Уг мэдэгдэлд:
 
"Монгол Улсын Их Хурлын даргын Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал нь түүх, соёлын эртний хэлхээ холбоотой “гуравдагч хөрш” Турк Улстай тогтоосон найрсаг харилцааг шинэ шатанд ахиулах, хамтын ажиллагааг хууль тогтоох байгууллага хооронд болон худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, аялал жуулчлал, боловсрол зэрэг олон салбарт бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.
 
Айлчлалын сүүлийн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхсан тухай мэдээллийг миний бие Улсын Их Хурлын даргын цахим хуудаст оруулах үеэрээ нэр томъёоны томоохон эндүүрэл гаргасандаа хүлцэл өчиж байна.
 
Айлчлалын давчуу хөтөлбөрийн хугацаанд үйл явдлын мэдээ, мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэх нь миний үүрэг бөгөөд энэ хүрээнд албан үүрэгтээ хариуцлагатай, нягт нямбай хандах зарчмыг хөсөрдүүлсэн нь миний буруу боллоо.
Миний бие Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын хувьд Улсын Их Хурлын даргын сошиал хуудасны админаар ажилладаг байсан. Тус хуудсанд сүүлийн үед гарсан зарим алдаатай контентууд надаас хамааралтай байсан.
 
Тиймээс буруу нэр томьёо хэрэглэж, олон нийтийг бухимдуулсан, мөн Улсын Их Хурлын даргын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн мэдээ мэдээлэл цацсандаа хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж, албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдье" гэжээ.

Г.Занданшатар даргынхаа хуудсаар "БНМАУ" хэмээн бичсэн хэвлэлийн төлөөлөгч ажлаа өгөхөөр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ