КОЙН НЭРЭЭР ИРГЭДЭЭС 18 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОСОН "ВОРЛД ПЛАС ДИЖИТАЛ" КОМПАНИД АСУУЛГА ХҮРГҮҮЛЛЭЭ

2022-10-20,   127

Виртуал хөрөнгө ашиглагчдын эрх ашгийг хамгаалах “Алтан гадас” холбооноос Койн нэрээр иргэдээс 18 тэрбум төгрөг босгосон "Ворлд плас дижитал" компанид дараах асуулгыг хүргэлээ.
 
Үүнд дараах 14 асуулгыг хүргүүлж байна. 
 
“Ворлд плас дижитал” ХХК (6414621) нь 2021 он болон 2022 онд татвар төлсөн үү? Төлсөн бол хэдэн төгрөгийн татвар тушаасан бэ?
“Ворлд плас дижитал” ХХК олон нийтээс болон Private Sale хэлбэрээр нийт хэдэн төгрөг босгосон бэ? Танай зүгээс нийт 18.000.000.000 төгрөг босгосон гэж зарласан боловч бодит дүн зөрүүтэй байгааг тайлбарлана уу.
“Ворлд плас дижитал” ХХК-ийн хувь эзэмшиж байсан Sho Hakuho, Motoharu Kimura нар яагаад компаниас хасагдсан бэ? Энэ талаар виртуал хөрөнгө эзэмшигчдэд нээлттэй мэдээлэл өгсөн үү?
“Ворлд плас дижитал” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс хойш өөрсдийн гаргасан WorldPlus Coin-г жилийн 24%-ийн өгөөжтэй хэлбэрээр буюу өөр өөр саруудад өөр өөр өндөр өгөөж амлаж байсан. Яагаад өнөөг хүртэл буцаан авах үйл ажиллагаа эхлээгүй байгаа вэ?
“Ворлд плас дижитал” ХХК нь сүүлийн үед албан ёсны сошиал хаягаар буцаан худалдан авах Forward гэрээ хийж байгаа талаар мэдээлэх болсон. Гэвч энэ нь гэрээ байгуулснаас жилийн дараа буюу танай зарлаж байсан амлалтаас хугацааны хувьд 18 сар хоцорсон үйлдэл байна. Иймд танай өмнөх амлалтад итгэж, WorldPlus Coin худалдан авсан иргэдэд тайлбар өгнө үү.
“Ворлд плас дижитал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Хасаг овогтой н.Эрдэнэбаяр нь одоо хаана ямар ажлаар явж байна? Хэзээ Монгол Улсад ирэх вэ?
“Ворлд плас дижитал” ХХК-ийн үйл ажиллагаа одоогийн байдлаар хэвийн ажиллаж байгаа юу?
“Ворлд плас дижитал” ХХК нь WorldPlus Coin дээр мэдэгдсэн буюу төлөвлөгөөт ажлууд зогссон, удаашралтай байгаа талаар тайлбар өгнө үү.
WorldPlus Coin-ийн хүрээнд олон нийтээс босгосон хөрөнгийг Whitepaper дээр дурдсан хэлбэрээр үнэн зөв зарцуулсан уу? Хэрэв үгүй бол хуулийн хариуцлага өөрсдийн санаачлагаар хүлээхэд бэлэн үү?
WorldPlus Coin дээрх хөрвөх чадварын нөөцөөс 1.624.284.496WPL яагаад шилжүүлсэн бэ? Юунд зарцуулагдсан бэ?
WorldPlus Coin болон “Ворлд плас дижитал” ХХК нь хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан зах зээлд токеномикс зөрчиж ямар нэгэн WorldPlus Coin нийлүүлж зарсан уу?
WorldPlus Coin дээрх нийтээс босгосон санхүүжилт одоо бэлэн хэлбэрээр байгаа юу? Хэрэв боломжтой бол үлдэгдэл дүнг олон нийтэд нээлттэй хэлбэрээр тайлагнана уу.
Ворлд плас дижитал ХХК нь хэзээ өөрсдийн ажлын явц болон санхүүгийн тайланг шилэн хэлбэрээр тайлагнах вэ?
Виртуал хөрөнгө эзэмшигчдийн нээлттэй мэдээлэл авах эрхийн хүрээнд дээрх асуултуудад холбогдох тайлбарыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө манай байгууллагад албан ёсоор ирүүлнэ үү гэжээ. 
 
 

КОЙН НЭРЭЭР ИРГЭДЭЭС 18 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОСОН "ВОРЛД ПЛАС ДИЖИТАЛ" КОМПАНИД АСУУЛГА ХҮРГҮҮЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ