Амьгүйн дээр амаа мэддэггүй албатуудаа сольж үз Ерөнхий сайд аа. Өөрийн чинь “ивээлт” Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайдын суудалд заларсан Б.Болор-Эрдэнийг огцруулахыг шаардсан иргэдийн тоо нэмэгдсээр байгааг та харж байгаа биз дээ.
Үндсэн хуулийн суурь ухагдахуунаа ч мэддэггүй хүнийг монголчууд харин ч өнөөг хүртэл чимээгүйхэн албан тушаал ахиулсаар ирсэн. Үндсэн хуулийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэж заасан байдаг.
Атал Б.Болор-Эрдэнэ чинь олон улсын “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” чуулганы тайзан дээр гаднынханы дэргэд жишим ч үгүй ард иргэдийг нас, боловсролоор нь ялгаварлан, гадуурхаж сууж.
Яаж төрийн өндөр албан тушаалтан /тухайн үедээ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга байсан/ тийм үг хэлээд сууж байдаг байна вэ.
Өнөөдрийн Монгол Улсыг бий болгохын тулд Б.Болор-Эрдэнийн эцэг, эх биш юм аа гэхэд тухайн цаг үеийн сэхээтнүүдийн ихэнх нь орост боловсрол эзэмшиж, үлдсэн хэсэг нь оросын “школ”-оор сурч, боловсорч, ажиллаж ирсэн.
Гэтэл тэдний босголцсон өнөөгийн төрийн зардлаар буюу Боловсролын зээлийн сангийн зээлээр өөр оронд боловсрол эзэмшиж ирчхээд өрөө ч төлөөгүй байж, өөлж бусдыг ад үздэг төрийн өндөр албан тушаалтан байж болохгүй биз ээ.
Түүнийхээр бол Монгол Улс хөгжин цэцэглэхэд ахмадууд гай болж байгаа юм гэнэ. Гэтэл дэргэд зэрэгцээд сууж буй гаднынхны насыг хэн ч тоохгүйн дээр тэдний туршлагыг ашиглан хөгжиж байна. Тухайлбал, Б.Болор-Эрдэнэтэй хамт байгаа Английн Хөрөнгө оруулалтын сайд Лорд Жерри Гримстон 73 настай бол Их Британийн хөрөнгө оруулагч, тэрбумтан, бизнесмэн Росчайлд 68-тай, АНУ-ын сэтгүүлч Жон К.Дефтериос 61 настай. Б.Болор-Эрдэнийхээр үеэ өнгөрөөчихсөн “юмнууд” бололтой.
Үнэндээ Б.Болор-Эрдэнэ чинь анх удаа Үндсэн хууль зөрчиж, монголчуудыг доромжилж байгаа юм биш шүү.
Өмнө нь ковид-19 цар тахлын үеэр буюу 2021 оны есдүгээр сард “Цахим үндэстэн-2021” шоу зохион байгуулж байсныг мартаагүй биз дээ.
Номыг нь сураагүй бол номхныг нь сур гэж үг бий. Үндсэн хуулиа мэдэхгүй бол амаа хамхиж байхыг албатууддаа хэлж, зааж өг Ерөнхий сайд аа.
Хүний эрхийн мэдрэмжгүй хүмүүсээ төрийн албанаас үдсэн шигээ, хөөрхөн гэгддэг хүүхнээ ч бас Монголын төрөөс зайлуул.
Ерөнхий сайд аа, Б.Болор-Эрдэнээ битгий “давраагаад” бай |
|