Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулын хэлсэн үг олны анхаарлыг татав. Тодруулбал тэр өнгөрөгч Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Б.Энхбаяр гишүүний "...Хөгжлийн банкнаас зээл олгохдоо банкны тухай хуулийн дагуу олгосон уу. Эсвэл Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу олгосон уу" гэх асуултад хариулсан юм.
Ингэхдээ тэрбээр “Хөгжлийн банкны тухай хууль 2011, шинэчилсэн найруулга нь 2017 онд тус тус батлагдсан. Банкны барих ёстой гол хууль нь Хөгжлийн банкны тухай хууль бөгөөд уг хуульд “Энэ хуулиар зохицуулахгүй асуудлыг Банкны тухай хуулиар зохицуулна” гэсний дагуу Хөгжлийн банк үйл ажиллагаагаа явуулж байгаа” гэсэн.
Тэрбээр нэмж “Өнгөрсөн жил Монгол банкнаас Хөгжлийн банканд шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд Хөгжлийн банк нийт 3.2 их наяд төгрөгийн зээлийн активтай байсны 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээл гэсэн дүгнэлт гаргасан. Түрүүн хэлсэн Хөгжлийн банкны тухай хууль 2011 онд батлагдаж, 2017 онд шинэчлэн батлагдсан гэж.
Тэгвэл хуулийн хэрэгжилтийн дагуу нийт чанаргүй зээлийн 1.8 их наяд төгрөгийн 1.3 их наяд нь 2012-2016 онд гарсан. Харин 2017-2022 онд буюу хууль шинэчлэн батлагдсанаас хойш 500 тэрбум төгрөг гаргасан. Мөн Хөгжлийн банк эх үүсвэрийн хувьд Чингис бондын зарцуулалтыг хариуцаж нийтдээ 3.5 тэрбум ам.долларын зээл олгосноос 2.7 тэрбум ам.доллар буюу 80 хувийг нь Засгийн газрын шийдвэрээр гарсан...” гэсэн нь олны анхаарлыг татав.
Учир нь Чингис бондын эх үүсвэрээр Засгийн газар бонд гарган худалдан авч байсан. Бүр тодруулбал Чингис бондын эх үүсвэрийг банкнуудад 10 хувийн хүүтэй байршуулсныхаа дараагийн өдрөөс нь Засгийн газар 16 хувь буюу өндөр хүүтэй бонд гаргаад улмаар өрөнд орж багагүй хэл ам таталж байсныг ард түмэн мартаагүй.
Товчхондоо бол “Эл хэргийн араас нэхэх гэхээр асар олон саад тотгор байна” хэмээн нэлээн нухацтай хэлж байсан Б.Энхбаяр гишүүнийг “Засгийн газар бонд гаргаад өрөнд орж байсан 2015 он буюу 7 жилийн өмнөх явдал”-ыг ч бас харчихад гэмгүй гэж олон түмэн хүлээж эхэллээ. Хүлээхээс ч аргагүй юм. Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчид Ц.Нямдоржтой холбоотой гэх сэжүүр байгаа” гэж өдгөөгөөс жилийн гаруйн өмнө нэлээн нухацтай дуугарч байсан ч таг болсон. Тиймээс түүний хэрхэхийг бултаараа ажиглаж эхлээд байгаа хэрэг.
Б.Энхбаяр гишүүнийг ажиглаж эхэллээ |
|