Өнгөрсөн Ням гараг буюу долдугаар сарын 21-ний өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн халуун өдөр болсныг Европын Холбооны Коперникус Уур Амьсгалын Өөрчлөлтийн Алба мэдээлжээ.
Дэлхийн гадаргын агаарын дундаж температур энэ өдөр Цельсийн 17.09 хэм хүрсэн байна. Өмнөх хамгийн халуун өдөр өнгөрсөн оны долдугаар сард бүртгэгдэхэд 17.08 хэм хүрч байжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ, Европ, ОХУ-ын ихэнх нутгаар агаарын хэт халалт үргэлжилсэн юм.
Коперникусын хэмжсэн халалт нь бүртгэл хөтөлж эхэлсэн 1940 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Өнгөрсөн оны долдугаар сарын 3-наас 6-нд дөрвөн өдөр дараалан хамгийн өндөр халалт бүртгэгдэж байсан юм.
2023 оны зургаадугаар сараас хойш 13 сар дараалан өмнөх оныхоо мөн үеийн хэмжээнээс давж халсан байна.
Зарим судлаачид 2024 оныг бүртгэл эхэлсэн цагаас хойших хугацааны хамгийн халуун жил болно гэж үзэж байна.
Энэ оны дөрөвдүгээр сард өндөрлөсөн Эль Ниньо цаг уурын үзэгдэл болон дэлхийн ерөнхий дулаарал үүнд нөлөөлж байгаа ажээ.
Өмнөд Европт агаарын хэт халалт үргэлжилж, Грект агаарын температур сүүлийн хоёр долоо хоног дараалан Цельсийн 40 хэмийг даваад байна.
Үүний улмаас Даваа гарагийн оройн 6:30 цагийн байдлаар Грек даяар 33 ой хээрийн түймэр бүртгэгджээ.
Испани улсад бас хэт халалтын улмаас гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Өнөөдөр буюу Лхагва гарагт тус улсын өмнөд бүсийн Севилья, Кордоба хотуудад агаарын температур Цельсийн 43 хэм хүрэх төлөвтэй байгаа юм.
Франц болон Италийн өмнөд хэсэгт бас гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна.
Наймдугаар сарын эхээр Парис, Берлин хотуудыг агаарын хэт халуун урсгал нөмрөх төлөвтэй байна.
Сүүлийн 12 сарын хугацааны агаарын дундаж температур 1850-1900 онуудын дунджаас Цельсийн 1.64 хэмээр нэмэгдсэнийг Коперникус мэдээлжээ.
2015 онд байгуулсан Парисын Гэрээгээр дэлхийн улс орнууд дэлхийн дулаарлын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 2 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан юм.
Эх сурвалж: Reuters
Өнгөрсөн Ням гараг дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн халуун өдөр болжээ |
|