МУГТ М.Уранцэцэг энэ сард хоёр дахь Их дуулгад түрүүллээ

2021-03-27,   455

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны дөрөв дэх тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо үргэлжилж байна. “Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох Тбилисийн их дуулга тэмцээнд 85 орны эрэгтэй 292, эмэгтэй 234 нийт 526 жүдоч оролцож байна.

Тэмцээний эхний өдөр Монголын багаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав, нийт зургаан жүдоч хөнгөн жинд өрсөлдлөө. Тэдгээрээс -48 кг-ийн жинд чансаагаараа дэлхийд дөрөвт бичигдэж буй МУГТ М.Уранцэцэг эхний барилдаанаа Италийн жүдоч София Петиттотой хийн 28 секундад цэвэр ялснаар хэсгийн аваргын төлөө тунасан юм. Түүний жинд 28 бөх барилдсан.

Үүний дараа Румины жүдоч Моника Унгурианутай таарч мөн л барилдааны сүүлийн минут эхлэхийн өмнөхөн өчих мэхээр цэвэр ялж, шигшээд шалгарч чадлаа.  

М.Уранцэцэгийн сүүлийн өрсөлдөгч Италиийн жүдоч Франческа Милани байлаа. Тэд хоёр долоо хоногийн өмнө Ташкентийн их дуулгад таарахад үндсэн цагт хэн нь ч оноо авалгүй, тус бүр нэг торгуультай тэнцэж, улмаар цаг сунган барилдахад манай жүдоч оноо авснаар ялалт байгуулж байсан. Тэгвэл энэ удаагийн барилдаан эхлээд 35 дахь секундэд хоёр жүдочийн хэн хэнийг нь идэвхгүй барилдсан хэмээн торгуульсан. Мөн барилдааны дундуур М.Уранцэцэг өчих мэх хийх оролдлогынхоо үеэр баруун хөлийн өвдөгөө бага зэрэг бэртээсэн юм. Улмаар барилдаанаа эргэн үргэлжлүүлсэн ч бага зэрэг доголж байлаа. Гэсэн хэдий ч үлдсэн хугацаанд М.Уранцэцэг ээлж дараалан өрсөлдөгчөө хүнд байдалд оруулсаар цаг дуусахын өмнөхөн цэвэр ялалт байгуулж чадлаа. 

Ийнхүү тэрбээр энэ сард хоёр их дуулга тэмцээнээс хошой алтан медаль хүртэж, нийт их дуулга тэмцээнд 18 дахь удаагаа (7-6-5) медалийн тавцанд гарч байна. Тэрбээр он гарснаас хойш Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал дөрвөн тэмцээний гуравт нь оролцохдоо бүгдээс нь медаль хүртэж, сүүлийн хоёрт нь түрүүлээд байна.https://www.youtube.com/watch?v=YGLAPvKTWuE&t=2s


МУГТ М.Уранцэцэг энэ сард хоёр дахь Их дуулгад түрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ