Хэнтий аймгийн Онцгой комисс өчигдөр орой хуралдаж, аймгийн Засаг даргын Коронавируст халдварын тархалтын “Улбар шар” түвшинд шилжсэнтэй холбогдууланэ дараах шийдвэрийг гаргажээ.
1. Коронавируст халдварт /COVID-19/-ын батлагдсан тохиолдлын тархалтад хийсэн эрсдэлийн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн Хэрлэн, Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх сумдыг бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /улаан түвшнээс улбар шар түвшинд/ шилжүүллээ.
2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хот, аймаг, сумдын хооронд хүндэтгэн үзэх шалтгаан /албан томилолт, эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, хүнс тээвэр/-аас бусад орох, гарах хөдөлгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 хүртэлх хугацаанд зогсоож холбогдох дүрэм, журмыг хангуулж ажиллахыг Онцгой байдлын газар /хурандаа Ж.Эрдэнэбат/, Цагдаагийн газар /хурандаа Б.Батсайхан/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгов.
3. Улаанбаатар хот болон халдварын голомтот бүсээс уул уурхайн олборлолт, зам барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ирсэн иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, аймгийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхдээ болон ажиглалтын 7 хоног дууссаны дараа түргэвчилсэн оношлуураар төлбөртэй шинжилгээ авах ажлыг зохион байгуулахыг сумын Онцгой комисст, мэргэжил арга зүй, удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн газар /Л.Мэндбаяр/-т үүрэг болголоо.
4. Халдварын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан Хэрлэн, Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх, Баянхутаг сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албад, тусгай чиг үүрэг гүйцэтгэх төрийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээр, бусад төрийн байгууллага 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 30 хүртэл хувийн бүрэлдэхүүнтэйгээр богиносгосон цагаар /09:00-12:00, 14:00-17:00/ ажиллуулахыг төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгав.
5. Сүхбаатар аймагт коронавируст халдвар /COVID-19/-ын тохиолдол батлагдсан тул хил залгаа орших Баян-Овоо, Баянхутаг, Галшар сумд тус аймгийн сумдаас орох хөдөлгөөнийг хязгаарлаж хяналтын цэг байгуулж ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.
6. Хэрлэн, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын коронавируст халдвар /COVID-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар бүртгэгдсэн иргэдийг гэр бүлийн хамт 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл гэрийн ажиглалтад авч, хяналт тавьж ажиллахыг сумдын Онцгой комисст үүрэг болголоо.
7. Хэрлэн, Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх, Баянхутаг сумдын бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоолоо.
8. Хэрлэн, Бор-Өндөр, Дархан, Галшар, Баянмөнх, Баянхутаг сумдын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй банкны салбар, бараа, барилгын материалын дэлгүүр, ахуй үйлчилгээний газар /гэрэл зургийн үйлчилгээ, цаг засвар, гар утас засвар, оёдолчин, үсчин гоо сайхан, гутал засвар, халуун усны газар/, авто сэлбэгийн худалдаа, авто машин угаалга зэрэг газруудыг 10:00-17:00 цаг, хүнсний дэлгүүр, өөртөө үйлчлэх хоолны газар /буфет/, зоогийн газруудын цагийн хуваарийг 09:00-18:00 цаг, зочид буудал, дэн буудал, дугуй засварын үйл ажиллагааг цагийн хэвийн горимоор ажиллуулж, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж түр журмын хэрэгжилтийг хангасан аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгч ажиллуулахыг Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
9. Аймгийн нутаг дэвсгэрт голомт бүхий объект, байршилд халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатай зохион байгуулж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, Зооноз өвчин судлалын төв /Г.Наранхүү/, Мал эмнэлгийн газар /Н.Анхбаяр/ нарт тус тус даалгалаа.
10. Хэнтий аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйлчилгээ, олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, жагсаал цуглаан, соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах, сургалтын төв, фитнесс бялдаржуулах төв, спорт зал, баар, караоке, компьютер болон биллиард тоглоомын газар, сүм хийдийн үйл ажиллагааг 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл зогсоолоо.
11. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Чогсомжав/, Шуурхай штабын дарга /хурандаа Ж.Эрдэнэбат/ нарт тус тус даалгалаа.
Хэнтий аймаг улаан түвшнээс улбар шар түвшин лүү шилжлээ |
|