Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2021.04.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих зорилгоор тогтоосон удаан хугацааны хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хорионоос үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах, ард иргэд, айл өрхийн амьжиргаанд бий болсон үр дагаврыг өрх бүрд 1 сая төгрөгтэй дүйцэхүйц нөхөн олговор олгох, ингэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар шийдвэрлэх саналыг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Улсын Их Хурал, Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн. Хөдөлмөрлөж орлого олох боломжоо хязгаарлуулснаас санхүүгийн болон сэтгэл санааны хувьд туйлдаж байгаа ард иргэдийнхээ амьжиргааг залгуулах, хэвийн амьдралыг дэмжих энэхүү санаачилгыг Засгийн газар хүлээн авч, энэ удаа хөл хорио тогтоохдоо иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай байна.
Гэвч хүн амаа бүрэн вакцинжуулж дуустал энэ оны наймдугаар сар хүрэх тооцоолол харагдаж байгаа тул энэ удаагийн иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийн нөхөн олговор нь цар тахлын хүндрэл, санхүүгийн бэрхшээлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа сэргэхэд хангалттай дэмжлэг болж чадахгүй нь тодорхой юм.
Эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, нийтийн баялгийг цөлмөсөн тодорхой албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийн хөрөнгийг Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Миний бие энэ талаар 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс тодорхой дурдаж хэлсэн бөгөөд энэхүү хөрөнгөөр наймдугаар сарыг дуустал өрх бүрд 1 сая төгрөгийн нөхөн олговрыг сар бүр олгох, үүгээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бүрэн боломжтой гэж үзэж байна.
Иймд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн нийтийн баялгийг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэж, улсын орлогод авсан хөрөнгийг иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байрыг хадгалахад захиран зарцуулж, цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллана уу” гэжээ.
Ерөнхийлөгч наймдугаар сар хүртэл 1 сая төгрөгийг өрх бүрт олгох албан бичгийг Ерөнхий сайдад илгээлээ |
|