Ш.Лхачинжав: Амиа алдсан харуулын дарга яруу найраг сонирхдог, ажилдаа гарамгай шилдэг алба хаагчийн маань нэг байсан

2021-04-09,   434

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гараад байна.
 
 Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна. Харуулын дарга, ахлах ахлагч Г нь хилийн харуулд дөрвөн хугацаат цэргийн алба хаагчийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр дээрх хоёр хугацаат цэргийн алба хаагчид хилийн манаанаас харуулын байрлалд эргэн ирээд харуулын даргыг буудан хороогоод оргосон байна.
 
 Оргосон байлдагч Х, М нар нь айлын мотоцикль дээрэмдэн унан зугтаж яваа бөгөөд цагдаа, тагнуул, Хил хамгаалах байгууллагаас томилогдсон бүлэг дээрх хугацаат цэргийн алба хаагчдыг мөрөөр нь мөрдөж байна. 
 
Энэ хэрэгтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Ш.Лхачинжав мэдээлэл өглөө. Тэрбээр амиа алдсан харуулын дарга хамгийн шилдэг албан хаагч байсныг тодотгоод "Амиа алдсан харуулын даргын хувьд оюунлаг, яруу найраг сонирхдог, ажилдаа гарамгай шилдэг алба хаагчийн маань нэг байсан.  Талийгаач эхнэр, 3 хүүхэдтэй байжээ" гэсэн юм.
 

Ш.Лхачинжав: Амиа алдсан харуулын дарга яруу найраг сонирхдог, ажилдаа гарамгай шилдэг алба хаагчийн маань нэг байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ