Н.Учрал: Ээжээ хүү нь таныгаа дахиж зовоохгүй ээ

2021-04-09,   295

УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн оны сүүлээр хүндээр өвдөж  Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хоёр сар гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлсэн. Улмаар  гадаадад эмчлүүлээд өнгөрсөн сард эх орондоо ирсэн билээ. 
 
Тэгвэл Н.Учрал гишүүн өнөөдөр өөрийн цахим хуудаснаа "Нэгэн уулзалтан дээр надаас “Ээжийгээ баярлуулах хамгийн том бэлэг юу вэ” гэж асуусан юм. Би хариуд нь ”Ээжийгээ амар амгалан байлгах л байхдаа” гэж хариулсан. Би энэ үгэндээ эзэн байхыг, ээжийхээ чихийг халууцуулж нойрыг нь хумслахгүй юмсан гэж ихэд хичээсээр ирсэн ч өнгөрсөн 4 сарын хугацаанд үнэхээр хэлсэндээ хүрээгүйдээ сэтгэл шаналж зүрх минь нулимсаар дүүрсэн. Хүүгийнхээ төлөө сэтгэл нь сэмэрч элэг нь эмтэрч миний хайртай ээж 4 сар бүтэн нойртой хоносонгүй гэж бодохоор өөртөө гомдож өмөлзөх сэтгэл төрнө.
 
Өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр. Би ээжийгээ бүтэн нойртой хонуулж сэтгэлийг нь амар амгалан байлгамаар байна. Энэ миний эжийдээ барих бэлэг. Тиймээ, Би ээжтэй хүн шүү дээ. Хүнд өвчинтэй тэмцэж тэвчиж тэсэх мөч бүрт түшээд авах ээжтэй хүн чинь үхэж болдоггүй юм гэж өөрийгөө хурцлах он цаг хором.
 
Ээжээ хүү нь таныгаа дахиж зовоохгүй ээ. Таны минь аз жаргалтай инээмсэглэл хичнээн сайхан билээ дээ. Тандаа хорвоод мэндэлсэн өдрийн мэндийг хүргэе. Хайртай шүү.
 
Залуус минь, энгэсэг будаг, элдэв чамин зүүлт, эрхэм алдар нэр, энэ улсын ерөнхийлөгч, хэмжээлшгүй баян тансаг болоод ч ээжийгээ амар амгалан байлгахаас өөр том бэлэг байдаггүй юм гэнэ лээ. Ээжийгээ хайрлаж яваарай" хэмээн бичжээ. 

Н.Учрал: Ээжээ хүү нь таныгаа дахиж зовоохгүй ээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ