Байлдагч Х-ийн аав: "Цэргийн ангид чинь дарамт байна уу" гэхэд хүү маань "Цэргийн нууц" л гэдэг байсан

2021-04-13,   374

Говь-Алтай аймгийн Алтай суман дахь 0214 дүгээр хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргынхаа аминд хурээд, зугтсан хэрэг энэ сарын 8-9-нд шилжих шөнө гарсан. Тухайн алба хаагчдын нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат X, нөгөөх нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар бөгөөд тэд ноднин намар аравдугаар сард цэрэгт татагдан очсон байна.
 
Энэ хэрэг явдлын талаар байлдагч Х-ийн аав хэлэхдээ "Би хүүгээ үүрэгт албаа хаагаад ирээрэй гээд л явуулсан. Тэгтэл миний хүү нүднээс гарчихсан байсан. Хүүгээ таниагүй, хамар чих хоёр л үлдчихсэн байна лээ. Нүцгэн, өндөр уул өөд гарсан байсан. Их шоктой байсан байна лээ. Би өөрөө элэг муутай, группт байдаг. Би хүүтэйгээ өөр үг сольж чадсангүй, шууд л бариад аваад явчихсан. Миний хүү наана чинь дарамт шахалт байна уу гэж өмнө нь асуух бүрт цэргийн нууц л гэж хариулдаг байсан" хэмээн ярилаа.
 
Бид Ховд аймгийн Чандмань сум руу холбогдож иргэн Г-ээс хэрэгт холбогдсон цэрэг Х-ийн талаар тодруулга авснаа хүргэе.
 
ЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭН Г: ЦЭРЭГТ ЯВАХДАА ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ ДҮҮРЭН, БАЯР ХӨӨРТЭЙ БАЙСАН ХҮҮХЭД ШҮҮ ДЭЭ
Гэмт хэрэг үйлдсэн хэргээр шалгагдаж буй Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х-ийн талаар тус сумын иргэн Г (нэрийг нь нууцлав) ярихдаа, “X нь аав ээж болон дүүгийнхээ хамт, ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Одоо бага дүү нь тавдугаар ангид суралцдаг. Түүний эцэг эх нь төлөв төвшин зантай, бусдын л адил энгийн амьдралтай, удмын малчин хүмүүс юм. Тэд аймгийн төвөөс 165 километрийн зайтай, сумаас 60 гаруй километр зайд хөдөө мал хариулдаг малчин өрх. Би хувьдаа Х-г ийм айхавтар үйлдэлд хүрэх хүүхэд биш гэж бодож байна. Магадгүй цэргийн ангид дарамт шахалт ихтэй байсам учраас болчимгүй үйлдэл гаргасан болов уу. Түүнээс биш эцэг эхийнхээ санаа сэтгэлийг зовоож, нэр нүүрийг нь харлуулах хүүхэд яав ч биш.
 
Х-ийн хувьд өмнө нь Чандмань сумынхаа ЕБС-д суралцаж байгаад аймгийн төв рүү бөхийн сургуулиар явж байсан. Ингээд сургуулиасаа буцаж ирээд өнгөрсөн жил цэрэгт явахаар шийдсэн юм билээ. Түүний ээж нэг удаа манай дэлгүүрт орж ирээд "Хүү маань цэрэгт явна гэх юм. Уг нь энэ жилдээ өнжүүлэх санаатай юмсан. Тэгтэл явна гээд л зүтгээд байна" гэж надад хэлсэн удаатай.
 
Уг нь өөрийн хүсэл эрмэлзлээр цэргийн албанд мордсон хүүхэд шүү дээ. Ямар сайндаа цэрэгт явахынхаа өмнө дэлгүүрээс маань 40 гаруй мянган төгрөгөөр хувцас хунар аваад л бөөн баяртай амьтан явж байсан юм. Үнэхээр баяртай байсан шүү. Тэгэхээр цэрэгт явах эрмэлзэл дээд зэргээр байсан байгаа юм. Хэрэв хүсээгүй бол эцэг, эхдээ хэлээд л, явахгүй гээд аюул болдог шүү дээ. Тэнд нь цэргийн дэглэлт л байсан байх.
 
Ерөөс энэ цэргийн ангиудын үйл ажиллагаанд шинэчлэл хэрэгтэй. Манай хүү л гэхэд хоёр жилийн өмнө Батлан хамгаалахын их сургуулийг онц дунтэй төгсөөд цэргийн ангийн нэг албанд нь хуваарилагдаж ажиллах болсон. Тэгтэл өөр хүнийг арын хаалгаар оруулчихаад, хүүг маань эрүүл мэнд дээр нь тэнцүүлээгүй. Бүх үнэлгээг нь муу гаргачихсан байна лээ.
 
Сайн сурдаг, мундаг хүмүүжилтэй хүүхдүүдийг оруулахаас илүү албан тушаалыг дандаа арын хаалгаар шийддэг юм билээ. Аль хичээлдээ муу, хүмүүжлийн доголдолтой хахууль өгч, арын хаалга хэрэглэсэн хэдэн хүмүүсийг офицер даргаар томилохоор чинь ийм хэрэг гарах эрсдэлийг бий болгоод байна шүү дээ. Миний хувьд саяны хэрэг үйлдсэн байж болзошгүй цэргийн ар гэрийнхэнтэй харилцаа холбоотой явдаг. Тэд хүүхдээ буруу хүмүүжүүлэх улс яавч биш" хэмээн хэлсэн юм.
 
ЭХ СУРВАЛЖ: П.САЙНЖАРГАЛ 
 
ӨДРИЙН СОНИН 

Байлдагч Х-ийн аав: "Цэргийн ангид чинь дарамт байна уу" гэхэд хүү маань "Цэргийн нууц" л гэдэг байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ