Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын нэр бүхий гишүүний хүчирхийлэл, халдлагад өртөж олон сарын туршид бие мах бодь, сэтгэл санааны дарамтад амьдарч буй талаараа мэдэгдсэн. Түүний мэдээлэлтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд тус гишүүнийг Ц.Анандбазар уу гэх таамаг өрнөсөн юм.
Б.Сүндэръяагийн мэдээлэлтэй холбоотойгоор нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд болон олны танил эмэгтэйчүүд "Ме too" хөдөлгөөнийг эд өрнүүлээд байна.
Тодруулбал, өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын дарамт, хүчирхийлэлд өртөж байсан байж болзошгүй охидыг зоригтой байхыг уриалж, бусармаг үйлдлийг нь илчилсэн захидлыг цуглуулах аяныг өрнүүлж эхэлсэн байгаа юм. Уг хөдөлгөөний хүрээнд Ц.Анандбазарт дарамтлуулж, хүчирхийлүүлсэн байж болзошгүй олон охид, эмэгтэйчүүд захидал илгээж эхнээсээ олонд ил болгоод буй. Ингээд тус захидал, зурвасуудыг уншсан иргэд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн "Сод Монгол" шатахуун түгээх станц болон "Өргөө" кино театраар үйлчлүүлэхгүй байхыг уриалж, улмаар эргүүлэн татах санаачилга дуудлагыг эхлүүлээд байна.
Тэгвэл олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй холбоотойгоор Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний албан тушаалаас нь эргүүлэн татах асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн түвшинд ярьж эхэлсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ.
Учир нь МАН-ын Удирдах зөвлөлийн зарим гишүүд Ц.Анандбазарыг парламентаас явуулж намаа цэвэрлэх нь зүйтэй гэх байр, суурийг илэрхийлж байгаа аж. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд ч түүнийг явуулах нөхцөл байдалтай байгаа гэнэ. Учир нь У.Хүрэлсүх Ц.Анандбазарт "дургүй". 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших эрхийг нь У.Хүрэлсүх бус Г.Занданшатар гуйж авч өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ түүнийг эргүүлэн татахад тодорхой цаг хугацаа буюу 1-2 сар шаардагдах бололтой.
-Ц.АНАНДБАЗАР У.ХҮРЭЛСҮХИЙН ДУРГҮЙГ ХҮРГЭСЭН ҮҮ-
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар Ц.Анандбазар тэргүүтэй УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ үед бусдын хатгасаар бүлгийн эв нэгдэлд халдсан асуудлыг авч хэлэлцсэн удаатай. Тодруулбал, Ц.Анандбазарын нэр дэвшиж сонгогдсон Булган аймаг нь төсвийн хуваарилалтаар адаг сүүлд орчхоод байхад тэрээр санаа оноо нийлэх намын хэдэн нөхдөө “урвуулж” Ерөнхийлөгчийн сонгуулиар өөр хэн нэгнийг дэмжье гэж уриалсан байх магадлалтай талаар бүлгийн тус хуралдаанаар ярилцсан байдаг.
Үүнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ихэд бухимдаж, дүрмэндээ өөрчлөлт оруулж, бүлгийн эсрэг байр суурь илэрхийлсэн гишүүдэд үүрүүлэх хариуцлагыг чангатгах улмаар бүлгээс хөөх хүртэл асуудлыг хөндсөн гэх мэдээлэл байдаг билээ. Харин улс төрийн хүрээнд Ц.Анандбазарыг "нөгөө тал" буюу Х.Баттулгатай ойр гэгддэг. Тиймээс ч эргүүлэн татах асуудлыг хөндөх хүртэл У.Хүрэлсүхийн дургүйг нь хүргэсэн гэх мэдээлэл байна.
Ц.Анандбазарыг эргүүлэн ТАТАХ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн түвшинд ярьж байна |
|