Ц.Туваан нарын зохион байгуулсан АН-ын даргыг сонгох цаасан сонгуульд УИХ-ын гишүүн, Тесо группийн эзэн О.Цогтгэрэл ялалт байгуулсан билээ.
Иймд энэ сарын 3-ны өдөр түүнийг Ардчилсан намын даргаар батламжлах хурал "Дүнжингарав" худалдааны төвийн задгай талбайд, онцгой дэглэм зөрчиж болсон. АН-ын даргыг батламжлах тус ээлжит бус их хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын намын нийт гишүүдээс сонгогдсон 1,210 төлөөлөгч ирж оролцсон гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж буй.
Тэгвэл Увс аймгаас ирж дээрх хуралд оролцсон АН-ын гурван гишүүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тодруулбал, тус гурван иргэн нь Улаанбаатар хотоос Увс аймагт очоод гэрийн тусгаарлалтад байсан бөгөөд хяналтын түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарчээ. Улмаар баталгаажуулах РСR. шинжилгээ авахад өнөөдөр /2021.04.15/ өглөө эерэг гарсан байна.
Дээрх хурлыг зохион байгуулагчдын зүгээс "төлөөлөгчдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан" гэх тайлбарыг хэлж байсан юм. Гэсэн хэдий ч ийнхүү хуралд оролцсон гурван хүнээс халдвар илэрч Увс аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол 10 боллоо.
Тус гурван иргэн гэрийн тусгаарлалтын журмаа мөрдөлгүйгээр гадуур явсан, мөн хамт нэг автомашинд зорчсон иргэд Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн маршруттай байгаа ажээ.
Эх Сурвалж Isee.mn
О.Цогтгэрэлийг АН-ын даргад батламжлах хуралд оролцоод Увс аймагт очсон ГУРВАН иргэнээс коронавирус илэрчээ |
|