Сүүлийн 24 цагийн хугацаанд манай улсын хэмжээнд коронавируст халдварын улмаас зургаан хүн эндлээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 37 болж байна.
Халдварын тохиолдол мөн нас баралт нэмэгдэж буй талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Eagle” телевизэд өгсөн ярилцлагадаа “Аливаа халдварт өвчний тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүндрэх эрсдэл, нас баралт нэмэгддэг. Бид өмнө нь тандалт судалгаагаа маш сайн хийж, ойрын хавьтлуудыг 90-ээс дээш хувьтай илрүүлээд, илрүүлсэн хүмүүсийнхээ эмчилгээг хугацаа алдахгүйгээр эхлүүлж чаддаг байсан. Тиймээс хүндрэл, нас баралт бага байсан юм. Үүнийг дагаад манайхан “нас бардаггүй л өвчин юм байна” гэж ойлгодог байсан. Гэтэл одоо бодит аюул тулаад ирэхээр ард иргэд маань ойлгож байна.
Өдөрт 10-20 тохиолдол гардаг байсан бол одоо 1000 гарахаар эмнэлгийн тусламж үйлчилгээ оройтож байгаа. Ойрын хавьтал болсон зарим хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэхээр хүргэж чадахгүй, амжихгүй байна.
Тиймээс дүүргийн эмнэлгүүдийг халдвар илрүүлэх, эмчлэх үйл ажиллагаанд татан оролцуулж эхэлсэн. Тохиолдлын тоо оргил үедээ хүрснээс хойш 14-21 хоногийн дараа хүндрэлүүд нь илэрдэг. Тэгэхээр магадгүй хөл хорио дуусах үед нас баралтын тоо оргил хэмжээнд хүрэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ нас барьж байгаа хүмүүс архаг, суурь өвчтэй хүмүүс байгаа. Коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийг задлан шинжилгээнд оруулахгүй гэсэн дүрэм журамтай. Тиймээс тэр хүмүүс яг халдвараасаа болоод нас барав уу, эсвэл архаг суурь өвчин нь нөлөөлөв үү гэдгийг нарийн тогтоох боломжгүй байгаа" гэв.
"Коронавирусээр эндсэн хүмүүсийг задланд оруулддаггүй учраас нас барсан шалтгааныг нарийн тогтоох боломжгүй байна" |
|