Өмнөд Африкийн мутаци агуулсан Англи хувилбар Монголд ороод ирвэл жинхэнэ аюул боллоо гэсэн үг

2021-04-28,   579

Өмнөд Африкийн мутаци агуулсан Англи хувилбар Монголд ороод ирвэл жинхэнэ аюул боллоо гэсэн үг
 
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Турк улсаас зөөвөрлөгдөн ирсэн Англиас гаралтай коронавирусийн мутаци манай улсад бүртгэгдсэн” талаар мэдээлсэн билээ. Тэгвэл уг мутацийн талаар МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэл Өдрийн сонинд ярилцлага өгчээ.
 
Тэрбээр “Одоогоор дэлхийд хэд хэдэн ноцтой, аюултай коронавирусийн хувилбарууд байна. Эдгээр нь 
 
·      Английн хувилбар-В1.1.7
 
·      Өмнөд Африкийн хувилбар-В1.351
 
·      Бразилын хувилбар-Р1
 
·      Энэтхэгийн хувилбар-В.1.617 гэсэн хувилбарууд юм.
 
Эдгээрээс Монголд одоогоор Английн хувилбар орж ирсэн гэдгийг  Засгийн газраас зарласан. Английн хувилбар нь халдах чадвар өндөртэй, халдсан хойноо илүү хүндээр өвчлүүлдэг болохыг тогтоосон. Өмнөд Африкийн хувилбарын хамгийн гол шинж нь түүн дээрх Е484К гэдэг мутациас шалтгаалж байгаа одооны хэрэглэж байгаа вакцины дархлаанд сул баригдаж байгаа шинж юм. Мөн Бразилын хувилбар залуу хүмүүст илүү хурдтай халдварлаж байгаа бол Энэтхэгийн хувилбар нь халдварлах болон хүндрэх магадлал мөн Е484К мутацийг давхар агуулж байгаа учраас вакцины дархлаанд дарагдах байдал муутай байна. 
 
Манай оронд “АстраЗенека”, “Синофарм” гэсэн хоёр төрлийн вакциныг голлон хэрэглэж байна. Английн хувилбар нь энэ хоёр вакцинаар хамгаалагдана, асуудалгүй гэсэн үг.  
 
Сүүлийн үед вакцинаас зугтаж чадах Е484К гэсэн мутаци илэрч байна. Өөрөөр хэлбэл, үндсэн хэлбэр нь Английн хувилбар боловч дотроо Өмнөд Африкийн мутацийг агуулсан эрлийз маягийн онцгой аюултай Англи хэлбэр нь гэсэн үг. Хэрвээ энэ Монголд ороод ирвэл жинхэнэ аюул боллоо гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт зарлахдаа Английн хувилбар гэж мэдээлэл өгснөөс биш яг энэ мутацийн талаар нарийн зарлаагүй учраас нарийн дүгнэлт өгөх боломжгүй. 
 
Хэрвээ Өмнөд Африкийн Е484К мутаци Монголд орж ирээд өргөн хүрээнд тархсан байгааг тогтоовол зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд томоохон дуулиан тарих нь гарцаагүй. Энэ нөхцөлд бид цаашид ковидтой хэрхэн тэмцэх асуудал, вакцинжуулалтын арга техникийн асуудлаа эргэн харахаас өөр аргагүй. Мутаци болон шинэ хувилбарууд гаднаас орж ирэхээс гадна Монгол дотроо ч үүсэж болно шүү дээ. 
 
Энэтхэгийн давхар мутаци гэдэг нь уг вирусийн S ген буюу вирусийн өргөсний генийн яг хүний эстэй холбогддог хэсгийг кодолдог хэсэг дээр хоёр мутаци их ойрхон гарсан байгааг хэлж байгаа юм. Нэг E484Q, нөгөөх нь L452R мутаци юм. Энэ хоёр мутаци зэрэг гарснаар энэтхэг хувилбар буюу B.1.617 хувилбарын вирус нь маш идэвхтэй халдварлах чадвартай болсон бөгөөд улмаар дэлхий нийтээр тарж магадгүй гэж үзэж байна” гэжээ. 
 
 

Өмнөд Африкийн мутаци агуулсан Англи хувилбар Монголд ороод ирвэл жинхэнэ аюул боллоо гэсэн үг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ