Б.Хурын эхнэр Ү.Сарнай: Дээд шүүх Ц.Нямдорж нарын улстөржилтийн хөлд Монголын шүүх байгууллагын хараат бус байдал, нэр хүндийг дэвслүүлэхгүй гэдэгт найдаж байна

2021-05-13,   620

ТЕГ-ын дарга асан Б.Хурцад Дээд шүүхээс 1,6 жилийн хорих ял оноосон. Үйл явдалтай холбогдуулан түүний эхнэр Ү.Сарнай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Х.Нямбаатар сайд, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт хүргүүлсэн шаардлага хүргүүлсэн. 
 
Тэгвэл өнөөдөр Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарт дахин ханджээ. 
 
Тэрбээр өөрийн нийгмийн сүлжээндээ "Сайн байна уу? Монгол Улсын иргэний хувьд, би Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэрэг, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, “Эрүүдэн” шүүсэн гэх хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргаж, Монголын ард түмэнд Үндсэн хуулиар олгосон үнэнийг мэдэх эрхийг хангаж өгөх талаар төрийн гурван өндөрлөг болон холбогдох албан тушаалтнуудын нэр дээр 2019 оноос эхлэн удаа дараа шаардлага хүргүүлсэн билээ. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын даргын зүгээс өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр бүхий хариу өгсөнгүй. Харин эсрэгээрээ төрийн хүнд суртал гаргаж, нэг нэгэн рүүгээ бичиг цаас шидэлцсэн тухай албан бичгүүдийг л миний нэр дээр ирүүлжээ. Тийм учраас улстөрчдийн зүгээс 23 жилийн туршид илрүүлэх ямар ч хүсэлгүй байгаа С.Зоригийг хөнөөсөн хэрэг, төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн миний хань Б.Хурцыг 20 шахам жил улс төрийн “Хонгил”-оор оруулсаар ирсэн гол сэдэв болох Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэрэг, Улсын Дээд шүүхээс 2021 оны гуравдугаар сарын 31-нд “Б.Хурц нар гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдоогүй учраас энэ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэснийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн атлаа “Эрүүдэн шүүсэн” гэх хэргээр хилс ял тулгасныг нууцын зэрэглэлээс бүхэлд нь нэн даруй гаргахыг та бүхнээс шаардаж байна. Зарим хэвлэлд “Улсын Дээд шүүх энэ сарын 14-нд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэлэлцэж, тэднийг суллана” гэх мэдээлэл гарчээ. Ард түмэн 23 жилийн туршид үнэнийг мэдэх гэж цөхөртлөө хүлээсэн энэ хэргийн хувь заяа Улсын Дээд шүүхийнхний мэдэлд очсон бололтой. Гурван шатны шүүхээр хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн энэ хэргийг Улсын Дээд шүүх энэ удаад яаж дэнслэхийг олон нийт чих тавин хүлээж байна. Улсын Дээд шүүх Ц.Нямдорж нарын улстөржилтийн хөлд Монголын шүүх байгууллагын хараат бус байдал, нэр хүндийг дэвслүүлэхгүй гэдэгт найдаж байна. “Улсын Дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах шийдвэр гаргана. С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчдэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийг улсын нууцад дахин оруулна. Энэ хэрэг ингээд Ц.Нямдоржийн тоглоом болж, ард түмэн үнэнийг мэдэж чадалгүй дахиад 20, 30, бүр 50 жил хүлээх үү” гэдэг бухимдал ч нийгэмд үүсээд байгааг сануулах нь зүйтэй биз. Тийм учраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын мэдэгдсэнчлэн “Улсын нууцаас гаргасан” гэх С.Зоригийг хөнөөсөн хэргийг ард түмэнд бүхэлд нь ил болгож, хөндлөнгийн хуульчдыг оролцуулсан нээлттэй сонсгол хийхийг та бүхнээс шаардаж байна. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын 100 хоногийн үеэр болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Ц.Амгаланбаатар Э.Бат-Үүлийг захиалагчаараа нэрлэсэн” гэх ноцтой үгийг хэллээ. Анхан, давж заалдах, Улсын Дээд шүүх энэ хэргийн гүйцэтгэгчдэд холбогдох хэргийг тодорхой нотлох баримтын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн гэдэгт би эргэлзэхгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэдгээр гүйцэтгэгчдийн нэг болох Ц.Амгаланбаатарыг “Захиалагчаа хэлчихсэн” гэж удаа дараа мэдэгдсэн бол энэ удаад нэр устай нь хэллээ. Тэгэхээр “С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцаас гаргалаа” гэчихээд нууц хэвээр нь хав дарах ямар ашиг сонирхол Засгийн газарт байна вэ! Улсын нууц гэдэг нь Ц.Нямдорж тэргүүтэй улстөрчдийн нууц баймааргүй л байлтай. Миний бие өнгөрсөн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэрэг, “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргуулах талаар ард иргэдийн дунд гарын үсэг цуглуулах тэмцэл өрнүүлсэн. Энэхүү тэмцэлд 6000 гаруй иргэн нэгдэж, гарын үсгээ зурсныг та бүхэнд шаардлагатайгаа хамт хүргүүлж байна.
 
Монгол Улсын иргэн Ү.Сарнай

Б.Хурын эхнэр Ү.Сарнай: Дээд шүүх Ц.Нямдорж нарын улстөржилтийн хөлд Монголын шүүх байгууллагын хараат бус байдал, нэр хүндийг дэвслүүлэхгүй гэдэгт найдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ