УИХ-ын чуулганы ӨНӨӨДРИЙН /2021.05.14/ хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Энэ хуулийн гол зорилго нь теле камерын нэгдсэн системийг бий болгож, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлнэ гэсэн агуулгатай юм байна. Энэ хоёр талтай. Нэг талаар гэмт хэргээс сэргийлж болох ч, хүн ая тухтай аюулгүй нөхцөлд ажиллаж, амьдрахад сөргөөр нөлөөлөөд байгаа нь сүүлийн үед ажиглагдаж байгаа. Гэхдээ теле камерын системд шилжүүлэхээс өөр аргагүй. Улсын хэмжээнд төв суурин газрын нийтийн эзэмшлийн талбайг камержуулахад шаардагдах зардал ямар байгаа вэ. Аюулгүй байдал, нууцыг хангах тал дээр хуульд тусгасан зүйл байгаа юу?
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: ЦЕГ-аас суурь судалгаа хийсэн. Стандартчилал хэмжил зүйн газраас камерын стандартыг мөн баталсан. Өнөөдөр Монгол Улсад 6000 гаруй камер байгаа. Түүний 30 хувь нь огт ажилладаггүй, 30 хувь нь ашиглалтын шаардлага хангадаггүй гэсэн гэсэн судалгаа байгаа. Монгол Улсын хэмжээнд хилийн боомтоос эхлээд хурдны зам, хот суурин газрууд, гудамж талбай дээр 60 гаруй мянган камер суурилуулах шаардлагатай. 300 гаруй сая ам.долларын асуудал яригдаж байгаа. Торгуулийн орлогын 40 хувийг Дүүргийн иргэдийн хурлууд өөрсдөө хуваарилдаг. Торгуулийнхаа орлогоос жил бүхэн камераа нэмж, ашиглалтын зардлыг орон нутагт нь энэ мөнгөнөөс нь олгоно. Орон нутаг камераа арчилж, хамгаалж байя.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ хуулийн төслийг уржигдар өргөн барьсан. УИХ хуулиа барьж, гишүүд орж ирж байгаа хуулиа судлах, харах, хүний санаа оноо сонсох боломж олгооч ээ. Хэтэрхий тулгуу байна. Камерын асуудлыг дэмжиж болно. Гэхдээ эрүүл саруул ухаанд багтахаар юм яримаар байна. Хамгийн шаардлагатай цэгүүд дээрээ камер тавина гэвэл зардал багасна. Камер яах вэ, Х.Нямбаатар сайдын үед их муухай юм үзэж байна. Ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байна. Орцонд байгаа камерын бичлэгийг цацаж байгаа нь арай дэндсэн хэрэг. Цагдаа энгэртээ камер байрлуулаад бичлэг хийдэг нь юу вэ, хэдэн он бэ.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Баасанцогтын орцны бичлэгийг надтай холбож ярих гээд байх шиг байна. Баасанцогт гэдэг хүнтэй хувийн харилцаатай эмэгтэй орцны бичлэгийг гар утсан дээрээ бичиж авч, олон нийтийн сүлжээнд цацсан юм билээ. Энэнд цагдаа ямар хамаатай юм бэ. Хувийн харилцаатай эмэгтэй нь орцны ажилтнуудаас хууль бусаар гар утсаараа авч цацсан байсан. Үүнийг харин хуулиар хориглож, хязгаарлаж өгье. Үүнийг ил болгосон үед эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болъё гээд байгаа. Алтанхуяг гишүүн улс өржсөн өнгөөр бүх зүйлийг ярьж байгаад харамсаж байна.
Х.НЯМБААТАР: Б.Баасанцогттой хувийн харилцаатай эмэгтэй орцны бичлэгийг гар утсан дээрээ бичиж, олон нийтийн сүлжээнд цацсан |
|