Нийслэлийн хүн амын төвлөрөлтийг сааруулахын тулд төрийн захиргааны томоохон байгууллага өөрсдөө манлайлан нийслэлийн төв хэсгээс байршлаа өөрчлөх хэрэгтэйг Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, нийслэлийн захиргааны төв байр наадмын дараагаас яармаг руу нүүхээр төлөвлөсөн байна.
Тэгвэл яг энэ асуудлаар хотын дарга эсрэг байр суурь илэрхийлсэн байгаа. Хотын дарга сарын өмнө сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Нийслэлийн захиргааг нүүлгэхгүй” хэмээн мэдэгдсэн.
Тэрээр “Хотын захиргааны шинэ байранд 260 мкв өрөө байгаа гэнэ. Надад одоо сууж байгаа өрөө маань хангалттай. Нийслэлийн захиргааг Хотын захиргааны шинэ байр руу нүүлгэхгүй. Үүний оронд тэнд монголын залуус ур ухаанаа уралдуулдаг Инновацийн төв байгуулаасай. Мэдлэг чадвараараа дэлхийд өрсөлдөх стартап компаниуд, IT компаниуд тэнд бойжоосой. Цахиурын хөндий шиг Яармагийн хөндий болоосой гэж бодож байна. Энэ саналаа ч цаашид дамжуулах болно” гэлээ.
Ийнхүү Ерөнхий сайд хийгээд хотын дарга хоёр хотын захиргааг нүүлгэх эсэх асуудлаар зөрүүтэй байр суурийг илэрхийллээ. Наадмын дараа энэ асуудал хэрхэн шийдэгдэхийг харах л үлдэж байна. Бүр тодруулбал, хотын дарга шинэ байрныхаа том өрөөнд тухлах уу? Эсвэл....
Анх хотын төвлөрлийг бууруулах зорилгоор Нийслэлийн захиргааны байрыг нүүлгэх шийдвэр гарч, Хотын дарга асан С.Батболдын захирамжаар 2018 онд Яармагт гурван блок цогцолбор барилгын ажлыг эхлүүлж байсан юм.
Одоогоор тус байр зориулалтын дагуу ашиглагдаагүй хэвээр Яармагийн зам дагуу сүндэрлэж байгаа билээ.
Хотын захиргааг яармаг руу нүүлгэхгүй, нүүлгэнэ |
|