Цагдаагийн ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран “2018-2020 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг судлахад цахим тоглоом, дэлгэцийн донтолтын улмаас болон эцэг, эхийн хараа хяналт сул байдлаас үүдэн бусдын эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх, залилан мэхлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихэвчлэн үйлддэг гэсэн дүгнэлт гарсан байна.
Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Цахим тоглоомонд донтсон үед үзүүлсэн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн судалгаа”-нд үндэслэн гаргасан дүгнэлтээр “цахим тоглоомд донтсон хүүхэд, өсвөр үеийнхэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй байх нь хожим насанд хүрсэн хойноо ч нийгэм-сэтгэл зүйн олон асуудалд өртөж, сэтгэцийн, биеийн, нийгэмд учрах хор хөнөөл, эмгэгтэй болж, хүчирхийлэл үйлдэх эсвэл хүчирхийллийн золиос болох эрсдэлтэй тул хүчирхийллийн агуулгатай, тулаантай PUBG/mobile legend, DOTA-2, CSGO цахим тоглоомыг хаалгах нь зүйтэй” гэсэн зөвлөмж өгчээ.
Иймээс Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хүүхэд, өсвөр насныхан PUBG /mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive цахим тоглоомууд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж, эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар Энэтхэг, Япон Ирак, Пакистан, БНХАУ, БНСУ-ууд энэхүү тоглоомыг бага, өсвөр насны хүүхдэд аюултай, хэт их цус асгаруулсан, харгислал харуулсан, донтуулах шинж чанартай, тэдний бие, оюун санаанд сөрөг нөлөөтэй, улсын эрх, батлан хамгаалах, аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзээд хориглосон байдаг аж.
PUBG, DOTA-2, Counter-Strike Global Offensive цахим тоглоомуудыг Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлт гаргажээ |
|