БНХАУ-ын Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу гэх 15 иргэнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцжээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны аравдугаар сарын 12-ноос эхлэн ажлын долоон өдөр хэлэлцсэний эцэст уг 14 этгээдийг гэм буруутай тооцон 9-12 жил хорих ял шийтгэсэн билээ.
Тодруулбал, цахим мэдээлэлд хууль бусаар халдах, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт бүлэг үүсгэн, түүнд элссэн зэрэг зүйл ангиар буруутгасан юм. Харин өчигдөр эл шийтгэх тогтоолыг эсэргүүцсэн 15 хүн, тэдний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валют хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж байсан. Улмаар тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдсон байна. Хууль, хяналтын байгууллагын тусгай ажиллагааны үр дүнд өндөр хүчин чадал бүхий 1000 орчим комьпютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн тансаг зэрэглэлийн автомашинууд хураан авч улсын орлого болгосон юм.
Сануулахад, БНХАУ-ын 800 иргэн таван зочид буудалд хуваагдан байрлаж цахим орчинд мөнгө угааж байсныг ТЕГ, ЦЕГ-ынхан 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр илрүүлж, албадан гаргасан билээ. Тэд жуулчны визээр Монголд ирээд ажил хийж байсан нь шалгалтаар нотлогдсон.
Монголд гэмт бүлэглэл байгуулсан хятад иргэдэд оноосон 9-12 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ. |
|