Б.Баатархүү: "Энхсаран" сувилалтай холбоотой 13 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн

2021-03-20,   346

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сар "Энхсаран сувилал"-д тусгаарлагдаж байсан иргэдээс коронавируст халдвар илэрсэнтэй холбогдуулан холбогдох хууль зөрчигдсөн эсэх асуудлаар УОК-оос цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт хүргүүлээд байсан. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулаад уг хэргийг шалгаж байна. Нийт 13 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Тодруулбал, БНЭАУ, БНСУ, ОХУ-аас ирсэн иргэд, тээврийн жолооч нар нэг байранд байрлаж, Эрүүл мэндийн сайдын баталсан тушаал, журмыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр тухайн үед ажиллаж байсан ЭМЯ-ны улирдлага, УОК-ын удирлаг, Энхсаран сувиллын удирдлага, эмч нар гээд зургаан хүнд Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан "Хайнга хандах буюу Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй" гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж Эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргээд байна. Мөн тусгаарлагдаж байсан иргэдээс дураараа бусдын өрөөгөөр хэсэх, амны хаалтаа зүүхгүй байх зэрэг тусгаарлан ажиглах байрны дэглэм журмыг зөрчсөн нийт таван иргэнд Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйл Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн. Түүнчлэн Энхсаран сувилалтай холбоотой тухайн үед үүсэн нөхцөл байдалтай холбоотой хоёр иргэн тусгаарлалтад байсан иргэдийг өдөөн турхирч, эмч замбараагүй байдал үүсгэсэн асуудал гаргасан уг хоёр иргэнийг яллагдагчаар татах саналаа хүргүүлсэн /Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйл.Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах 1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ байна. Энхсаран сувилалын шалгалтын ажлын хэсгийн явцад тухайн байранд байсан иргэд халдвар хамгаалалтын дэглэм барьдаггүй маск зүүдэггүй, өрөө хооронд холхисон, иргэд хоорондын зай барьдаггүй, ариутгал тогтмол хийдэггүй байдал үүссэн. Үүнтэй холбоотой нийт 6 албан тушаалтан, дэглэм зөрчсөн таван иргэн, эмх замбараагүй байдал үүсгэсэн хоёр гээд нийт 13 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн байна" гэлээ.
0 0
Б.Баатархүү: "Энхсаран" сувилалтай холбоотой 13 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0