ИНЕГ-ын даргын зөвлөл ОХУ, Монгол Улсын агаарын хилийн орон зайд агаарын хөлгүүд мөргөлдөж болзошгүй аюул үүссэн үед мэргэжлийн өндөр ур чадвар гарган, сонор сэрэмжтэй ажиллан болзошгүй аюулаас сэргийлж чадсан нислэгийн удирдагч Болдын Даваасамбууг салбарын дээд шагналаар шагнахаар шийдвэрлэжээ.
Тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан, ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны нислэгийн удирдагч Б.Даваасамбуу нь нөхцөл байдлыг оновчтой тодорхойлон мэргэжлийн ур чадвар, сонор сэрэмжтэй байснаар шийдвэрлэх мөчид агаарын хөлгийн чиглэлийг өөрчлөх зааварчилгааг өгөн шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд агаарт хоёр онгоц мөргөлдөх аюулаас сэргийлж чадсан байна.
ОХУ-ын "Хил хязгааргүй агаарын навигаци" нийгэмлэгээс ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр албан бичиг ирүүлж, тухайн үеийн нислэгийн аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэсэн монголын нислэгийн удирдагчийн талаар мэдээлэл, лавлагаа авч ОХУ-ын нислэгийн хөдөлгөөний байгууллагын дээд шагналаар шагнахаар болсоныг албан ёсоор мэдэгджээ.
Иргэний нисэхийн үндэсний төвөөс санал болгосон шагнаж урамшуулах асуудлыг ИНЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл гарган ажилласан нислэгийн удирдагч Б.Даваасамбууг салбарын дээд шагнал болох ИНЕГ-ын “Хүндэт ажилтан тэмдэг”-ээр шагнахаар боллоо.
0 0
Онгоц мөргөлдөхөөс сэргийлсэн Б.Даваасамбууг салбарын дээд шагналаар шагнана |
|