Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны тавдугаар сард гарсан.
Тэгвэл Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ш.Бат-Энхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон.../ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.
Өмнө нь шүүх хурлын хоёр удаа хойшлуулсан юм. Харин өчигдөр буюу 2021.03.29-ний өдрийн 14 цагт зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, яллагдагчийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсгийн 6.13 /нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн/, 6.14 /хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан/-т зааснаар гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасан байна.
0 0
Тогтоол усанд дөрвөн хүүхэд амиа алдсан хэргийг прокурорт буцаажээ |
|