УОК цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хуралдлаа. Хуралдаанаар нийслэлд шөнийн цагаар хөдөлгөөний хязгаарлалт хийхээр шийдвэрлэсэн байна.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт зохицуулалт хийгдэж байна. Шөнийн цагаар хязгаарлалт хийнэ. 21 цаг хүртэл үйлчилгээний байгууллагууд ажиллана. 23 цагаас өглөөний 06 хүртэлх замын хөдөлгөөнд оролцох иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллана. Учир нь шөнийн цагаар архидан согтуурах, ахуйн гэмт хэрэг гарах, олноор цуглаж халдварын тархалт нэмэгдэх эрсдэл өндөр байна. Өдрийн цагаар ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлнэ. Шийдвэр гаргах бас нэг шалтгаан нь ААН, үйлчилгээний байгууллагууд тодорхой тоо зааж, тусгаарласан журам гаргаж өгсөөр байхад хүний тоо хэтрүүлж, эрсдэл бий болгож байна. Зарим иргэд нэрээ нууж хөдөө орон нутаг руу хулгайн замаар очиж халдвар тарааж байна. Хувь хүний нэр төрийг бодож мэдээллийг задруулахгүй байгаа. Цаашид зөвлөн тусалсаар байхад хариуцлага алдах юм бол олон нийтэд мэдээллэх ажлыг эрчимжүүлнэ" гэлээ.
УОК: Шөнийн цагаар хязгаарлалт хийнэ |
|