Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн малчны хоёр настай Э.Энгүүн охин аавыгаа малдаа явсан хойгуур гэрээсээ төөрч, эрлийн багийнхан түүнийг найман цаг орчим самналт хийж хайсны үр дүнд эрэлч нохойн тусламжтайгаар эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг хүргэсэн.
Э.Энгүүн охин гэрээсээ 5 км орчмын зайд харганы нөмөрт даарч бээрсэн, айж чичирсэн байдалтай унтаж байсныг шөнийн 03:50 цагт олжээ.
Эрлийн үйл ажиллагаатай холбоотой Буянт сумын цагдаагийн алба хаагч Ц.Жарантай "Хүүхдийн өөрийнх нь өмсөж байсан эд зүйлээс үнэр авахуулаад чиглэл тогтоох зорилготой ажилласан. Чиглэл тогтоосноор хүүхдийг эсэн мэнд олж авсан. Охин гэрээсээ 5 км зайд харганы ёроолд даарсан, бээрсэн байдалтай олдсон. Цаг алдсан бол хүүхэд осгох магадлал өндөр байсан. Подволк, нимгэн цамцтай явж байсан" гэлээ.
Охины аав Г.Эрдэнэбаатар "Миний хүүхдүүд баруун талын айл руу яваад зурагт үзэж бай гэж хэлээд малдаа явсан. Гэтэл миний араас яваад төөрсөн байсныг бид 5, 6 цагийн үед мэдсэн. Тэгээд сумын Онцгой байдал, цагдаагийн газарт мэдэгдсэнээр охиноо олж авсан" гэлээ.
Охины аав Г.Эрдэнэбаатар: Айлд зурагт үзэж бай гэж хэлээд малдаа явтал миний араас яваад төөрсөн байсан |
|